Ө.Айгүл: Вакцин хийлгэсэн иргэдэд шууд урвал илрэх тохолдол цөөн байна


 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 7 цэг товлон Дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд иргэдийг Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулж байна.

Бид 22-р сургуулийн дархлаажуулалтын цэгт ажиллаж буй БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн зохицуулагч эмч Ө.Айгүлээс тодруулга мэдээлэл авлаа.

-Баянгол дүүрэгт өрнөж буй дархлаажуулалтын үйл явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Баянгол дүүрэгт нийт 60,000 хүн дархлаажуулалтад хамрагдах судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй иргэд дархлаажуулалтын эхний тунг хийлгээд байна. Үүнд: Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага, Хүнсний үйлдвэрлэл, Түгээлтийн үйлчилгээ үзүүлдэг ААНБ-ын ажилтнууд, мөн Боловсролын байгууллагын ажилтнууд хамрагдсан. Мөн такси үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг хамруулах ажил эхэлсэн.

-Зорилтот бүлгийн иргэдийн хувьд?

-Өчигдрөөс эхэлж 50-64 насны зорилтот бүлгийн иргэдийг хамруулж байна. 22-р сургуулийн цэгт ачаалал их. Өдөрт 750-800 орчим хүн хуваарилагдаж, дунджаар 500 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдаж байна.

-Хүний нөөцийн тухайд ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна?

-Дүүргийн хэмжээнд нийт 7 цэгт 184 хүний бүрэлдэхүүнтэй 20 баг ажиллаж байгаа. Багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, боловсролын байгууллагын ажилтнууд ажилладаг.

-Вакцинжуулалтад хамрагдсан иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллаж байна уу. Тариулсны дараа хариу урвал үзүүлэх, сөрөг нөлөө гарах эсэхэд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Би 22-р сургуулийн цэгт ажиллаж байгаагаа өмнө дурдсан. Тус цэгт вакцин хийлгэсэн иргэдэд шууд урвал илрэх тохиолдол цөөн байна. Хэрэв сөрөг нөлөө илэрвэл яаралтай тусламж үзүүлэх баг ажиллаж байгаа. Одоогоор хүндрэл үүссэн тохиолдол тухайн цэгт гараагүй.

-Вакцин хийлгэх хүмүүсийн анхаарах зүйлс?

-15 минут ажиглалтын өрөөнд сууж хянагдах ёстой. Шаардлагатай тохиолдолд тусламжийн баг ажиллахад бэлэн байгаа. Иргэдэд тодорхой хэмжээгээр, ямар нэг урвал ажиглагдахыг хэвийн гэж үздэг. Харин зовиур нэмэгдэж энэ нь гурваас дээш хоног үргэлжилбэл эмгэг гэж үзнэ. Тэр тохиолдолд иргэн өрхийн эрүүл мэндийн төв, 103 дугаарт хандаж зөвлөгөө авах боломжтой.

-Манай улсад Коронавируст (Ковид-19) халдвар илэрснээс хойш Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд их ачаалалтай ажиллаж байна. Гэсэн хэдий ч "Тангараг өргөсөн” гэдэг тодотгол, хариуцлага та бүхний нэртэй байнга дагалддаг... ?

-Тийм ээ. 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эмч мэргэжилтнүүд маань үнэхээр ачаалалтай ажиллаж эхэлсэн. Бид удаа дараа шинжилгээний ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн. Одоо ард иргэдээ дархлаажуулах ажил руу шилжин ажиллаж байна.

Ард иргэддээ ойлгуулахыг хүсч буй зүйл нь төр засгаас гаргаж буй тушаал шийдвэр, зөвлөгөө зөвлөмжийг сайтар дагаж, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа тогтмол ариутгах тал дээр сайтар анхаараасай. Олон нийтийн газар, хөл хөдөлгөөн ихтэй орчинд зорчихгүй байх нь өвчлөлөөс сэргийлэх гол хүчин зүйл гэдгийг илүү сайн ухамсарлахыг уриалъя.

Мөн засаг захиргааны нэгжүүдээс гаргасан дүрэм журмаар шинжилгээ өгөх, дархлаажуулалтад хамрагдах товын дагуу цагаа маш сайн баримтлах шаардлагатай байна.

Тухайлбал иргэд eruul.gerege.mn сайтад бүртгүүлж цаг авсан бол тухайн цагт, хуваарилагдсан цэгт очсон байх шаардлагатай. Хэд хэдэн хүн цагаасаа хоцорч ирэхэд дараачийн хүний цагтай давхцан, дугаарлалт үүсч цэгүүдийн ачаалал тэнцвэргүй болдог. Ингээд бусад иргэд бухимдах, "Төр ажлаа зохион байгуулж чадахгүй байна. Шинжилгээний цэгүүдийн тоог нэм” гэх шаардлага, бухимдлууд цөөнгүй сонсдог. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд яг үнэндээ бүгд л хоёр нарны хооронд ажиллаж байна. Ард иргэд маань эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний нөөц хязгаартай байдгийг ойлгоосой. Мөн төрийн анхан шатны нэгжээс эхлээд дээд түвшний байгууллагуудынхаа гаргасан шийдвэр, тушаал, заавар зөвлөмжийг баримтлан иргэний үүргээ биелүүлж хамтран ажиллахыг уриалъя.

-Нийслэл хотод хөл хорионы дэглэм тогтоосон үед эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо буурсан байх. Харин одоо хорио цээрийн дэглэм буурсан. Ачаалал ямар байна?

-Эмч мэргэжилтнүүд маань Корвид-19 халдварын эсрэг ажиллахын зэрэгцээ энгийн үед иргэддээ үзүүлдэг эмнэлгийн тусламж үйлчилгээгээ урьдын адил үзүүлсээр байгаа.

Гэсэн хэдий ч эмнэлэг эрсдэлтэй бүс учир зайлшгүй тохиолдлоос бусад үед эмнэлгээр явахгүй байхыг зөвлөж байна. Тухайлбал, эмчид үзүүлэх цаг авахын тулд эмнэлэг рүү ирэх хэрэггүй. Утсаар урьдчилж цагаа товлож болж байна. БГД-ийн Эрүүл мэндийн төвийн 11-361302 дугаарын утсаар холбогдож цаг авах боломжтой.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд, 2021 оны 03 сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг дэх дархлаажуулалтын цэгүүдээр:

25-р хорооны ӨЭМТ-д 217

Төмөр замын эмнэлэгт-306

40-р сургуулийн цэгт-471

22-р сургуулийн цэгт-328

78-р cургуулийн цэгт-359

20-р сургуулийн цэгт-339

43-р сургуулийн цэгт -248 хүн коронавируст (kовид-19) халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэж, нийт 2268 иргэн хамрагдлаа.

2021 оны 02 сарын 23-ны өдрөөс 03 сарын 20-ны өдрийг хүртэл БГД-ийн Эрүүл мэндийн төв 35.197 хүнийг хамруулаад байна.

Сэтгүүлч, редактор Ю.Шүрэнцэцэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.