Манай шигшээ багийн тамирчид Ази, Номхон далай орнуудын АШТ-д оролцох боломжгүй боллоо


Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээнд оролцохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хилийн чанадыг зорьсон. Улмаар энэхүү тэмцээнд амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, шагналт тавдугаар байр эзэлсэн билээ.
Ташкентын Гранд Сламын дараа манай баг Гүржийн нийслэл Тбилиси хотыг зорьж, тус улсад олон улсын хамтарсан бэлтгэлийг хийсэн. Энэ үеэр манай шигшээ багийн зарим тамирчнаас коронавирусын халдвар илэрч, Тбилисийн Гранд Сламд бүтэн багаараа оролцож чадаагүй. Улмаар коронавирусын халдвар илэрээгүй шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнд оролцож хоёр алт, хоёр хүрэл медальтайгаар багаараа гуравдугаар байр эзэлж тэмцээнээ өндөрлүүлсэн. Тбилист манай 5 тамирчинд тэмцээний өмнөх өдөр короновирусын халдвар илэрснээр тусгаарлалтад орсон бөгөөд ямар нэг ноцтой шинж тэмдэггүй хэвийн байгаа аж. Улмаар короновирусын халдвар илэрсэн манай баг Антальягийн Гранд Сламыг өнжөөд Кыргызстаны Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байв.
Гэсэн ч дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлаас болж, манай тамирчид өнөөдөр /2021.04.06/ эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Учир нь, манай шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Манай шигшээ багийнхны хувьд "Токио2020” олимпийн эрхийн "Казань-2021” Гранд слам, "Будапешт-2021” ДАШТ-үүд хүлээж байна.
May be an image of text that says 'OF JUDO IN BISHKEK STARS ALL CITY ASIAN&OCEANIA & OCEANIA JUDO CHAMPIONSHIPS BISHKEK KYRGYZSTAN 2021 www.judo.kg'

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.