Улстөрчдийн байнга шахуу амнаасаа урсгаж явдаг өндөр ёс зүй, хариуцлага, эрх тэгш шударга ёсны зарчим зэрэг уриа үгс төсвийн сахилга бат гэдэг нэг уулзвар дээр уулздаг байх ёстой юм. Энэ нь төсвийн мөнгийг хайр гамтай зарцуулах зарчим. Нөгөө талаас төсөвт орох ёстой мөнгийг тоо ёсоор нь оруулах хуулийн шаардлага л даа. Эдгээрийг зөрчсөн хэн ч бай Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхээр хуульчилсан. Гэвч татвараас зугтаасан этгээдүүд хуулийн хариуцлага ирэхээс өмнө өөрсдийгөө хуулиар өршөөчихдөг хар түүх давтагдах нь. Далим нь КОВИД-19 цар тахлын нөлөөллөөс үүссэн эдийн засгийн хүндрэл байх магадлалтай болж ирлээ. Шинэ эдийн засгийн өршөөл "ах” намын 100 жилийн ойтой давхцах хүлээлт мөн бий болов. Яг өнөөдөр үүний лобби явж байна.
Логикийн хувьд эдийн засагт том доргио хэрэгтэй. Цар тахлын нөлөөллөөр сөрөг давлагаа хэдийн үүсчихээд байна. Удаан хугацааны хөл хорионд талхлуулсан нийгмийн сэтгэл зүй ч үүнийг шууд хүлээн авах хөрсийг бүрдүүлэв.
Компаниудын байдал хүндэрч, иргэд ажилгүй болохоос муу зүйл, сайхан шалтаг юу байх билээ. Одоо үндсэндээ татварын өршөөлийг хуулийн төслийг том гарц хэмээх тайлбар зүүн УИХ-ын босго давуулах асуудал үлдлээ гэж ойлгож болно. Орсон хойно, батлагдаж таарна. Цаг үеийн байдал ч бэлгэ дэмбэрэлтэй тэгш ойтой таарч байна. Өмнө нь хэрэгжиж байсан Өршөөлийн хуулиудыг УИХ дандаа тэмдэглэлт ойгоор баталсан. Үүнийг хүлээлт өндөр гэж хэлээд байгаа юм.
Үйл явдлын өрнөлийг авч үзвэл, хэдхэн хоногийн өмнө Татварын ерөнхий газар цар тахлын үед татвараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн дансыг царцааж хатуурхлаа хэмээн 50 орчим компанийн нэр дэлгэн олны анхаарлыг татав. Хохирогч компаниудын жагсаалтыг харвал, УИХ-ын гишүүн Сү.Батболдын "Алтай холдинг”, Б.Чойжилсүрэнгийн "Хурд групп”, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын "Страто”, АН-ын шинэхэн дарга М.Тулгатын гэгддэг "Хишиг арвин индустриал” тэргүүтэй бүгд улстөрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий компаниуд байгаа. Мөн "Макс”, "Моннис”, "Номин” зэрэг үндэсний томоохон компаниуд бий. Цар тахалд огт өртөөгүй уул уурхай, хүнсний томоохон үйлдвэрүүд ч зонхилжээ. Тэднийг эдийн засгийн багахан хүндрэлд хөл алдчихааргүй бэхжсэн компаниуд гэж тодорхойлж болно. Гэхдээ татварын эх сурвалж тэдний төлөх ёстой татвар 2017, 2018, 2019 он буюу цар тахал эхлэхээс өмнөх өр төлбөр гэдгийг баталгаажуулж байгаа. Энэ өр төлбөр нь өнөөдөр хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэж эхэлсэн. Харин компаниуд энэ үйлдлээрээ бодлого тодорхойлогчдод нөлөөлөх ажлаа эхлүүлсэн нь илт. Угаасаа ингэж нийгмийн анхааралд өртөх цаг үе л дээ. Үүгээрээ Засгийн газарт шахалт үзүүлэхийг зорьсон байж болох юм. Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд энэ талаар хэдийнэ байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Бид төсөв дээр хэрээс хэтэрсэн ачаалал авч байна. Иймд дахин татварын өршөөл рүү явахгүй. Монгол Улс өмнө нь ийм төрлийн хууль баталж үзсэн. Алдаатай, оноотой зүйлүүд бий” гэж эрс мэдэгдээд байгаа. Харамсалтай нь, хууль батлах нь Засгийн газар, тэр дундаа Сангийн сайдын мэдлээс давсан асуудал. Тиймээс эдийн засгийн аливаа өршөөл УИХ-ын гишүүд дундаас төрсөөр ирсэн.
Ингэхдээ Эдийн засгийн өршөөлийн хуулийг улстөрчид өөрсдөө барьж гүйдэггүй. 2015 онд тухайн үеийн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хуулийн төсөл магтаж гүйсээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гээчийг батлуулж дөнгөсөн байдаг. Дараа нь тэр хуулийн хэрэгжилтийг МАН-ынхан мөн ч их муулсан даа. Ялангуяа, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж нар Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллагын "Саарал жагсаалт”-д багтах үеэр овоо мөлжөөд авсан. Яригдсан мөнгөн дүн нь 35 их наяд төгрөг гэхээр мөлжөөд дундаршгүй хөрөнгө байлаа шүү дээ. Хожим нь УИХ-ын чуулганаар Терроризмтэй тэмцэх хуульд өөрчлөлт оруулах үеэр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ФАФТ-ын саарал жагсаалтад орж болзошгүй нөхцөл байдалд нэгд, УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг 2015 онд баталсан асуудал яригдаж байгаа. Энэ нь парламент өөрөө мөнгө угаахыг хөхиүлэн дэмжсэн асуудал болж байна гэж холбогдох байгууллагууд дүгнэлт, зөвлөмж өгсөн” гэж мэдэгдсэн удаатай. Тэгвэл Б.Лхагважав өнөөдөр КОВИД-19 цар тахлын дараа дахин эдийн засгийн өршөөл хэрэгтэй хэмээн ярьж яваа. Дээр нь МҮХАҮТ-ын танхимын одоогийн ерөнхийлөгч О.Амартүвшин компаниудыг хавтгайруулан татварын өршөөлд оруулах санаачилга дэвшүүлэн гүйж эхэлсэн. Б.Лхагважав, О.Амартүвшин нарын хэн хэн нь намын харьяалалтай, аль нэг компанийн эрх ашгийг төлөөлдөг эрхмүүд.
Хэрэв энэ мэт лобби үр дүнгээ өгч, УИХ-аас компаниудыг татварын өршөөлд хамруулах хууль баталсан тохиолдол Монгол Улс дахиад л хууль бус санхүүжилтийг дэмжсэн нэрээр олон улсын өмнө ичгэвтэр байдалд орох нь ойлгомжтой. Тэгээд ч олон улсын практикт тухайн компанийг татвараас зугтсан эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлдөг болохоос төлөх ёстой татварын дүнг нь заавал төлүүлдэг зарчим хэрэгждэг аж. Гэтэл Монголд өмнө нь хэрэгжүүлсэн Татварын өршөөлийн хуулиудаар хариуцлагаас чөлөөлөхийн зэрэгцээ, төлөх ёстой татварын өр, торгууль, алдангийг давхар дарж улс орлогоо алдсан. Хамгийн гол нь ил болсон хөрөнгийн эх үүсвэрийг тодруулж чадаагүй учраас Эдийн засгийн ил тод байдлын хуулийг үр дүнгүй хэрэгжсэн гэж судлаачид үздэг. Улмаар татвараа үнэнчээр төлж ирсэн татвар төлөгчдийн татвараа шударгаар тайлагнаж төлөх сонирхлыг тас цохьсон гэх мэт муу үр дүн зөндөө байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл