Өмнөх долоо хоногт УИХ-аар Ковидын эсрэг хуулийн үйлчлэлийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр гишүүн Ж.Ганбаатар "Монгол Улс өндөр үнэтэй улс боллоо. Ганцхан арматур үнэтэй гэдэг чинь худлаа. Эргэн тойрны чинь бүх юм үнэтэй болчихлоо” гэж хэлж байв. Түүнээс хойш ганц хоёрхон хоногийн дараа бензин шатахууын үнэ нэмэгдэв. Шатахууны үнэ суурь үнэд тооцогддог, үүнийг дагаад үнэ жинхэнэ утгаараа хөөсрөнө.
Монголд эрэлт нийлүүлэлт гэхээсээ илүүтэй ченжүүд үнийг тогтоодог. Ченжийн зах зээлтэй. Тээр жил Ц.Элбэгдорж сонгуулийнхаа үеэр "ченжгүй Монгол”-ын тухай баахан пиардаж билээ. Дахин сонгогдож аваад дахиад энэ тухай ам нээгээгүй юм даг. Бидний энхрий хайрт улстөрчдийн дүр төрх танайх, манайх ялгаагүй бүгд нэг иймэрхүү.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бензин шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор "Шатахуун импортлогчдодоо баярлалаа” гэж хэлье гэж байгаа харагдана лээ. 2020 оны УИХ-ын сонгууль, үргэлжлүүлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл дуулгавартайгаар үнэ ханшаа тогтвортой барьж байсан юм чинь, ингэж хэлэхээс өөр яах билээ.
Ингэж хүчээр хааж боож байсан үнийг чөлөөлөхөд үнийн өсөлт усны үер шиг зад тавина. Энэ бол жам ёс. Одоогоор ШТС-ууд А-92, А-95 зэрэг бензиний үнийг литр тутамд нь 100-300 төгрөгөөр нэмээд байна. Үргэлжлүүлээд 600 төгрөгөөр нэмнэ гэж байгаа. Сургаар нэмэгддэг үнэ ийм бодит далим гараад ирж байхад бараа бүтээгдэхүүнийхээ үнийг ёстой торох тээглэх юмгүйгээр дагаж өсгөнө шүү дээ.
Эх сурвалжуудын хэлж байгаагаар өргөн хэрэглээний барааны үнэ дунджаар 22 хувь нэмэгджээ. Бидний хүртдэг хэдэн бор төгрөг энэ хэрээрээ үнэ цэнэгүйднэ. Цалин цавгаа нэмэх боломж хувь, хувьсгалын алинд ч байхгүй. Харин тэднээс хүсэх ганц юм гэвэл лай болохоосоо илүүтэй эртхэн шиг зай болоод өгөөсэй гэж л хүсэх байна.
Бүх юм үнэтэй болж байхад харин Монгол хүний амь нас улам үнэгүйдэж байгаа нь энэ цагийн эмгэнэлт төрх болоод байна. Ковидоор хагас мянган хүн нь нас барчихаад байхад Монголын төр засаг хүний урманд толгой бөхийлгөсөнгүй, эмгэнэлийн ганц үгийг энгэр заамаасаа унагасангүй. Хоёрхон хоногийн өмнө 35 настай залуу "Энэрэл” эмнэлгийн гадаа тусламж авч чадалгүй нас барлаа. Зориод очсон эмнэлэг нь анхан шатны тусламж үзүүлсэнгүй. Маргааш өдөр нь НЭМГ-ын дарга Б.Бямбадорж тайлбар хийхдээ талийгаачийг ”орон сууцны зоорины давхарт дархны ажил хийнгээ амьдардаг. Сүүлийн 10 хоног архи уусан” гэж хариуцлаггүй байдлаа хаацайлахыг оролдов. Төрийн төлөөлөл болон мэдэгдэл хийж буй энэ хүний үгнээс "нэг иймэрхүү нөхөд үхэхэд эмнэлэг буруугүй, бараг гарзгүй" гэсэн кастын ялгаварлал уншигдахаар байгаа юм.
Архичин ч гэсэн амьд явах эрхтэй, эрүүл мэндийн байгууллага тангарагаар хүлээсэн үйлчлэх үүрэгтэй шүү.
Ганцхан долоо хоногт гэхэд 90 гаруй хүн ковидоор нас барлаа. Хоногт хамгийн олон буюу 17 нас баралт бүртгэгдсэн. Ийм байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ямар ч байр суурь илэрхийлсэнгүй. Яагаад ноцтой нөхцөл байдалд ингэж хайнга, хайхрамжгүй, иргэддээ хүндэтгэлгүй хандана вэ. Монгол хүний амь нас үнэхээр ийм үнэ цэнэгүй болчихсон юм уу.
...Эх оронд минь хүний аминаас бусад бүх юм үнэд орж байна. Үнийн өсөлтийг Засаг тогтоож тогтворжуулж чадахгүй. ШӨХТГ бүр ч чадахгүй. Энэ өссөн үнэ эргээд бууна гэж үгүй. Шатахууны үнэ эргээд буусан ч, Замын-Үүдийн ачаа тээшийн саатал арилсан ч энэ өссөн үнэ жишиг болон тогтоно. Монголын жишиг иймэрхүү л байдаг шүү дээ.
Харин харамсалтай нь үнийн энэ өсөлтийг дагаад цалин тэтгэвэр нэмэгдэнэ гэвэл бүр ч гонжий жоо. Ойрын үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ийм тэнгэрлэг шийдэл лав гарахгүй. Тэнхэл ч байхгүй. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадаагүй, эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихсэн нөхдүүдээс сайн юм хүлээх хэрэггүй.
Харин тэднээс хүсэх ганц юм гэвэл лай болохоосоо илүүтэй эртхэн шиг зай болоод өгөөсэй гэж л хүсэх байна.
Г.Хантулга
Сэтгэгдэл