Нэгэн цагт Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг эх орноосоо зугтаж, хил даваад багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа эх орноосоо явсан бөгөөд түүнийг хууль, хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж, АНУ-д амьдарч байгааг нь тогтоосон байдаг.
Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тус улсаас улс төрийн орогнол хүсэж, гаднын хуулийн фирмээс өмгөөлөгч хөлсөлж, түүгээрээ дамжуулж хэд хэдэн удаагийн мэдэгдэл, ил захидал хүртэл илгээж байв.
Үндсэндээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс буусан өдөр эх орондоо очно" гэж мэдэгдэж байлаа.
Учир нь, АТГ-аас түүнийг Дубайн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан ч тэр эх орноосоо дайжиж, хил давж алга болсон билээ. Харин Ч.Сайханбилэг тэрхүү хэргийг нь улс төрийн явуулга, хэлмэгдүүлэлт хэмээн тайлбарлаж, тэр бүхний ард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга бий гэх мэдэгдлийг хийсэн удаатай.
Эсрэгээрээ Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг түүнтэй адил хэргээр яллаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосон.
Гэвч Улсын Дээд шүүхээс өнгөрсөн даваа /2021.07.19/ гарагт С.Баярцогтод оноосон хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Өөрөөр хэлбэл, Дубайн гэрээг үзэглэхэд гар бие оролцсон гэх Ч.Сайханбилэгээс бусад нөлөө бүхий албан тушаалнуудыг хуулийн байгууллагаас яллагдагчаар татан шалгаж, шүүхээс ял оноосон байдаг. Гагцхүү хэргийн гол эзэн болох Ч.Сайханбилэг л эх орноосоо "зугтсан" гэдэг шалтгаанаар ял сонсоогүй, биеэ эмчлүүлнэ гэх шалтгаанаар гаднын орныг зорьж, тэндээ толгой хорогдож байгаа билээ.
Тэгвэл Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүний ажлаа хүлээлгэж өгөөд сарын хугацааг үдэв. Одоо Ч.Сайханбилэг хэлсэндээ хүрч, эх орондоо ирэх цаг нь болсон байлтай.
Түүнийг ирэх сард эх орондоо ирэх гэж байгаа талаар зарим хэвлэлд мэдээлжээ. Хэдийгээр баттай мэдээлэл биш ч гэлээ Ч.Сайханбилэгийг эх орондоо ирэх гэж байгаа гэдэг мэдээ түгээд эхэллээ. Ямартай ч Х.Баттулга төрийн тэргүүнийхээ ажлыг хүлээлгэн өгч, суудлаасаа буучихлаа, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ээ.
Сэтгэгдэл