Тэднийг өршөөхөд ЖИЛ Л ХАНГАЛТТАЙ байжээ


Тэднийг өршөөхөд ЖИЛ Л ХАНГАЛТТАЙ байжээ

 

Эрх мэдлээрээ далайж, өөрийн эрх ашгийн төлөө авлига, албан тушаалын хэрэгт нэр нь холбогдож, хууль шүүхийн байгууллагын үүдийг тэр хэрээр сахиж явсан улс төрд нөлөө бүхий нөхдийг жилийн өмнө ээлж, дараалан ялласан байдаг.

Тэд бол Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр болон өнгөрсөн парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат хийгээд УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд нар юм.

Ердөө нэг жилийн өмнө тэдний ихэнх нь анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон ч эдүгээ Дээд шүүх хоёр шатны шүүхийн шийдвэрийг "үл хамаарч" заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгон суллаж, заримынх нь хэргийг прокурорт, нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байна. 

Хамгийн сүүлд л гэхэд, өнгөрсөн даваа /2021.07.19/ гарагт Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гал тогоог нь барьж явсан С.Баярцогтод оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Ингэхдээ түүнд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв. Түүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр 10 жилийн хорих ял оноосон байдаг юм. 

Түүнчлэн эл өдөр "Эрдэнэт"-ийн 51 хувийг гаднын банканд барьцаанд тавьж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр ял сонссон "Жаст"-ын Ш.Батхүү, түүний хамсаатан гэгдэг "Алтжин"-гийн Г.Алтан нарт оноосон ялыг мөн л хэрэгсэхгүй болгож, хэргийг нь задаллаа.

Үүнээс өмнө эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс зургаар жилийн ял авсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, таван жилийн ял авсан Ерөнхий сайд асан С.Баяр, 4.6 жилийн ял авсан УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, 3.6 жилийн ял авсан Сангийн сайд асан Б.Болор болон 5.5 жилийн ял авсан Н.Номтойбаяр, гурван жилийн ял авсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг Улсын Дээд шүүхийн шийдвэрээр суллаж, заримынх нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

Эндээс харахад олон жил яригдсан, хэрэг нь олон жил мөрдөн байцаалтын шатанд үргэлжилсэн, тэр хэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан улс төрд нөлөө бүхий дээрх нөхдийн "гэмийг цайруулахад" ердөө ганцхан жил л хангалттай байжээ.

 
https://news.zindaa.mn/3srd

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.