Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас илрүүлсэн дрифт хийж байсан иргэдийг шалгахад 18 зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр зөрчлийг илрүүлсэн талаар мэдээллээ.
Цаашид хотын төв, орон сууцны орчим, нийтийн эзэмшлийн газарт дрифт хийж буй асуудалд холбогдох авто спорт сонирхогчдын холбоодод цагдаагийн байгууллагаас мэдэгдэл, шаардлага өгч ажиллана.
Нийслэл хотод шөнийн цагаар дрифт хийж, дуу чимээ гарган иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Тээврийн цагдаагийн албатай хамтран 2021 оны наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хяналт, шалгалт хийх явцад автомашиндаа зориулалтын бус бүдүүн яндан, тусгай хэрэгслээр тоноглож дрифт хийж байсан 18 зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр зөрчлийг илрүүлж автомашиныг зохих журмын дагуу журамлан Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэст хүлээлгэн өгч ажиллажээ.
Цаашид хотын төв, орон сууцны орчим, нийтийн эзэмшлийн газарт дрифт хийж буй асуудалд холбогдох авто спорт сонирхогчдын холбоодод цагдаагийн байгууллагаас мэдэгдэл, шаардлага өгч ажиллахаар төлөвлөж байна.
Монгол Улсад дрифтийн спорт хөгжиж байгаа, энэ нь тухайн хүний сонирхол, эрхийн асуудал боловч шөнийн цагаар, хотын төв, нийтийн орон сууцны орчимд дрифт хийх нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна.
Дээрх спорт хөгжиж эхэлсэнтэй холбоотой Налайх дүүргээс Цонжин болдог цогцолбор чиглэлд явах замд "Монгол63 Circuit” авто спортын тойрог зам нь 2018 оноос хойш албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Иймд авто спорт сонирхогч болон мэргэжлийн тамирчид маань зориулалтын зам талбайд бэлтгэлээ хийж нэгэндээ хүндэтгэлтэй хандах, иргэний үүргээ ухамсарлахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна гэж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ж.Эрдэнэцэцэг мэдээллээ.
Сэтгэгдэл