Нарийнсухайт уурхайн Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар зам хааж, жагсахад хүрээд байна. Учир нь БНХАУ-ын талаас "нүүрс тээвэрт хятад жолооч нарыг явуулах” асуудал ярьж эхэлсэн бөгөөд өчигдөр оройноос эхлэн wechat-аар дамжуулан "хятад жолооч нарыг ажиллуулах” журам тараагдаж эхэлжээ.
Тодруулбал, Хятадын талын Удирдлагын хорооны хурлын тэмдэглэл гэх бичигт
- Хятадын засгийн газар болон Монголын Засгийн газар хятад жолооч нарыг тээвэрлэлтэд явуулах талаар урьдчилсан зөвшилцөлд хүрсэн. Тээвэрлэлтэд явах жолооч А2 жолооны үнэмлэхтэй байх
- Тээвэрлэлтэд явах хятад жолооч вакцины хоёр дахь тунд хамрагдсан байх
- Монгол Улсад нэвтэрсний дараа жолоочийн аюулгүй байдлыг хангаж, автомашинд нь эвдрэл үүсвэл засаж, тухайн өдөрт нь багтаан хилээр оруулах, Монголд үлдэхгүй байх
- Жолооч ажиллахаа болих тохиолдолд дараагийн жолооч мөн хятад жолооч байх
- Ажиллахаа больсон Монгол жолооч нарын нийгмийн даатгал, амьжиргааны зардлыг шийдвэрлэх гэсэн заалтуудыг тусгасан бичиг wechat-аар тарсан байна.
Иймээс монгол жолооч нарт багахан мөнгө өгөөд гэрт нь буцаан, ажлыг нь хятад жолооч нарт булаан өгөх гэж байна хэмээн жолооч нар бухимдаж, энэ тохиолдолд "хятад жолооч нарыг хилээр нэвтрүүлэхгүй, замаар зорчуулахгүй тэмцэл өрнүүлж, зам хаан эсэргүүцгэнэ” хэмээн мэдэгдэж байна.
Хэдийгээр өдгөө нүүрс тээвэр хэвийн явагдаж байгаа гэх ч маш их хүлээлттэй, удаашралтай байгааг тэд онцолж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар хилээр нүүрс гаргахаар 300-400 орчим автомашин зам дээр дугаарлаж байгаа бол нүүрсээ аччихаад уурхайнхаа хашаанаас гараагүй автомашины тоо нэг уурхай дээр 100-200 хүртлээ бөөгнөрснийг жолооч нар хэлж байна.
Энэ асуудал коронавирустэй холбоотой гэх тайлбарыг албаныхан хэлдэг ч монголд шинжилгээ өгөхөд сөрөг гарсан иргэн хил гараад шинжилгээнд хамрагдахад эерэг гарч байгааг тэд онцолж байна. Өөрөөр хэлбэл, хятадын тал нүүрс тээврээс монгол жолооч нарыг гаргахын тулд авч байгаа зальжин арга байж болзошгүй гэж жолооч нар үзэж байна.
Энэ асуудлыг хариуцахаар Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилон явуулсан нь УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа. Гэхдээ эсрэгээрээ түүнийг ирснээс хойш төрийн шахалт дарамт улам нэмэгдэж, төрийн дэмжлэг юу ч үгүй болж, тээвэрлэлт явах боломжгүйд хүрснийг жолооч нар ч, тээврийн компанийн удирдлагууд ч хэлж байна.
Эцэст нь хятад тал монголын эмч, эмнэлгийн шинжилгээг үл тоон өөрсдөө "эерэг” хариу гаргаж, түүгээрээ шалтаглан монгол жолооч нарыг ажилгүй болгож, нүүрс тээвэрлэлтэд хятад жолооч нарыг явуулах хятадын бодлогын эсрэг Монголын Засгийн газар юу хийх вэ? Хөдөлмөрөөрөө амьдралаа авч яваа эгэл жирийн жолооч нартаа амьжиргаа залгуулах багахан мөнгө өгөөд гэрт нь хариулах уу гэдгийг жолооч нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асууж байна.
Сэтгэгдэл