Дэлхийн тэргүүлэх технологийн "Apple” компани "iPhone” ухаалаг гар утасныхаа дөрвөн шинэ загвар, "iPad” төхөөрөмжийнхөө хоёр шинэ загвар, том дэлгэцтэй "Apple Watch Series 7" ухаалаг бугуйн цагийг танилцууллаа.
Энэ удаад танилцуулсан "iPhone”-ийн шинэ загваруудын камерыг сайжруулж, илүү хурдан процессор суурилуулсан байна. "iPhone 13” нь өмнөх загвартайгаа төстэй боловч дэлгэцдээ жижиг оруулга нэмж өгснөөрөө бага зэрэг ялгаатай болжээ. Гол онцлог нь "A15” гэх "Bionic” процессороор тоноглосон бөгөөд энэ нь зах зээлд өрсөлдөж буй бусад ухаалаг гар утсанд ашигладаг чипүүдээс 50 хувиар хурдан гэдгийг "Apple” тодотголоо.
Мөн "iPhone 13”, "iPhone 13 Mini” загвар нь гэрэл багатай орчинд, харанхуйд өндөр нягтаршилтай зураг авах боломжтой юм байна. Тухайлбал: "Cinematic Mode” нэмж өгчээ. Өмнө нь зөвхөн зураг авахад ашигладаг байсан "Portrait Mode”-ийг видео бичлэг хийж байхад ашиглах боломжтой болсон байна. Энэхүү техник нь кино, контент үйлдвэрлэлийн салбарт голлон ашиглагддаг, өөрөөр хэлбэл илүү мэргэжлийн түвшний видео бичих боломжтой болжээ. Мөн "Pro” загварууд нь видео бичлэгийг илүү өндөр чанартай форматаар хадгалахын зэрэгцээ, хиймэл оюуны тусламжтайгаар зургийн өнгө, гэрэл сүүдрийг автоматаар тохируулах боломжтой юм байна.
Шинэ загваруудынхаа дэлгэцийн хэмжээг өөрчлөөгүй ч "Pro” загваруудын дэлгэц 20 хувиар тод дүрслэлтэй болжээ. Мөн цэнэгээ 1.5-2.5 цаг илүү удаан барих юм байна.
5G дэмжих шинэ загварууд нь таван өнгөний сонголттой юм байна. "Apple” компани шинэ загваруудынхаа захиалгыг есдүгээр сарын 17-ноос авч, 24-нөөс худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Тус компани өнгөрсөн онд "iPhone”-ийн борлуулалтаас 137.8 тэрбум ам.долларын орлого олсон байна.
Үүнээс гадна "Apple” компани өмнөх загвараасаа 40 хувиар хурдан "iPad Pro”-той төстэй загвар бүхий "iPad Mini”-ийг танилцууллаа. "iPad Mini”-ийн дэлгэц 8.3 инч хэмжээтэй болж илүү томорсон байна. Ард талдаа 12 мегапикселийн камертай, LED гэрэлтэй учраас гэрэлтүүлэг багатай орчинд өндөр нягтаршилтай зураг авах боломжтой. Энэхүү загвараа 499 ам.доллароор зах зээлд худалдаалах юм байна.
Харин шинэчилсэн "iPad”-д өмнөх загвараас 20 хувиар хурдан A13 процессор суурилуулж, багтаамжийг нь хоёр дахин нэмж, 64 гигабайт болгожээ. Шинэ загвараа есдүгээр сарын 24-нөөс эхлэн худалдаанд гаргах бөгөөд 329 ам.доллароор худалдаална.
"Apple” компани санхүүгийн жилийн III улиралд нийт орлогынхоо есөн хувь буюу 7.4 тэрбум ам.долларыг "iPad”-ийн борлуулалтаас олжээ. Цар тахлын үед хүмүүс зайнаас ажиллаж, суралцсан нь "iPad”-ийн орлого эргэн өсөхөд нөлөөлсөн аж.
Харин шинээр танилцуулсан "Apple Watch Series 7” 20 хувиар илүү том дэлгэцтэй болсон нь анхаарал татлаа. Өөрөөр хэлбэл тус компани "Series 4”-өөс хойш анх удаа "Apple Watch”-ийн дэлгэцийн хэмжээг ийнхүү томруулж байгаа юм. Мөн дэлгэцийн хүрээг 40 хувиар нарийсгасан байна. Үүнээс гадна дэлгэц нь 70 хувиар тод дүрслэлтэйн дээр илүү бат бөх, хамгаалалт сайтай болжээ. Харин шинэ загвараа хэзээ худалдаанд гаргах товоо зарласангүй. Үйлдвэрлэлийн тасалдлын улмаас энэ намрын эцэс хүртэл зах зээлд гаргахгүй гэж тус компани өмнө нь мэдээлж байсан юм.
"Apple Watch” тус компанийн брэндийн үнэ цэнийг өсгөж байгаа бөгөөд зах зээлд танилцуулснаасаа хойш нийт 100 сая ширхэг төхөөрөмж борлуулсан гэсэн мэдээлэл оны эхээр зарлагдаад байв. Санхүүгийн жилийн III улиралд "Apple” зүүж хэрэглэдэг төхөөрөмжийн борлуулалтаас 8.8 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлжээ.
Б.Ариунболд | @Ariunbold_Bat
Сэтгэгдэл