Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар Монголын ахмадуудын холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар " Сүүлийн долоон жил тэтгэврийн индексийг шинэчилэн тогтоогоогүй учраас зөрүү хуримтлагдаж ахмадуудын бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Одоогоор улсын дундаж тэтгэвэр 430 мянга, хамгийн доод тэтгэвэр 350 мянган төгрөг байгаа. Гэтэл зарим улс төрийн хүчнүүд ахмадуудын тэтгэврийг 500 мянган төгрөгөөр тэгшитгэх санал гаргаж буйг Монголын ахмадын холбоо эсэргүүцэж байна. Ажилласан жил, төлж байсан шимтгэл татварыг тооцоолохгүй ингэж тэгшитгэсэн тохиолдолд олон жил ажилласан ахмадуудын хөдөлмөрийн үр шим алдагдана. Ер нь сүүлийн 20 жилд тэтгэврийн зөрүүг арилгах талаар ярьж байгаа. Энэ жилүүдэд 70-80 мянган настан тэтгэврийн зөрүүгээ арилгуулж чадахгүй мөнх бусыг үзүүлсэн.
Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгахад 600 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг 2022-2023 оны төсөвт хуваарилаж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед дээрх хөрөнгө тусгагдаагүй гэсэн мэдээлэл бид авсан. Иймээс 2022 оны төсвөөр нэн тэргүүнд 70-аас дээш настануудын тэтгэврийн зөрүүг арилгаx зохицуулалт хийж өгөхийг Засгийн газраас шаардаж байна" гэлээ.
Сэтгэгдэл