Эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тусгайлан авч үзнэ гэв


 

Эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тусгайлан авч үзнэ гэв

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 

БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.Энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан байдаг. Үүнд "Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 болон түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заажээ.

Уг хуулийн заалт нь эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт гаргаж, хөдөлмөр хийж олох байсан орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах зэрэг сөрөг тал их байгааг гишүүд болон хэлэлцүүлэгт оролцсон эхчүүд онцолсон юм.

 

2018 оны байдлаар улсын дундаж тэтгэвэр 342,8 мянган төгрөг байгаа аж. 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэврээ тогтоолгосон бөгөөд эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгааг судалгаагаар тогтоожээ.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тусгайлан авч үзэж, өнөөгийн нөхцөл буюу энэ оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцэх гэж үзсэний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар танилцуулсан юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.