Нийслэлд хувьсгал хийсэн гэх нэгэн үйлчилгээ бол автомашин ачих. Хориглосон тэмдэг бүхий газарт, авто замын нэгдүгээр эгнээд машинаа тавьсан бол "Журмын хашаа”-нд хийдэг. Төлбөр нь 60 мянган төгрөг гэж байгаа нь жирийн нэгэн иргэний ажлын нэг өдрийн хөлснөөс давсан тоо.
Энэ үйлчилгээг анх хэрэгжүүлж эхлэхдээ, "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх түр журам”-аар зохицуулж эхэлсэн байдаг. Уг санаа нь хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн ч сүүлдээ цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалтнуудын БИЗНЕС болсон гэж дээр доргүй л ярьдаг.
Хамгийн их шүүмжлэл дагуулж буй асуудал нь "Хулгайч нар” эзэн нь буугаад 2 минут ч бололгүй эргээд ирэхэд нь ачаад явдаг үйлдэл. Хэрэв ачиж байхад эзэн нь гараад ирвэл "Ийшээ суу” гэж хэлээд ачаад явдаг. Дотор нь хүүхэд, настай хүн, жирэмсэн эх, гээд ер нь юу л байна түүнтэй нь аччихдаг. Тэгвэл хууль дүрэм журам нь ард иргэдийнх нь амьдралд нийцдэг, соёлтой улс оронд замын хөдөлгөөнд саад учруулаагүй л бол ачдаггүй, торгодоггүй л дээ.
Сүүлийн үед машин ачилтын үйл ажиллагаанд хяналт тавьж арай л соёлтой үйлчилгээ үзүүлнэ гэх мэдээллийг цацаж байгаа ч үнэндээ шинэлэг юм огт байхгүй. Товчхондоо бол эхлээд цагдаад мэдэгдэж зөвшөөрөл авсан тохиолдолд ачна гэдэг байснаа дараа нь цагаан хоолойгоор 2-3 удаа зарлаад гарч ирэхгүй тохиолдолд ачна гэсэн. Одоо "жолоочид мэдэгдэхгүйгээр ачиж болохгүй” гэж өөрчлөлт оруулсан гэх ч үнэндээ аль аль нь нэг их дэвшилттэй үйлчилгээ биш. Ачилтын компани бий болсон цагаас л дээр дурдсан аргуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг ч өнөөдөр мөрдөж ажилласан нь үгүй. 2019 онд гурван ч компанийг дүрэм журмын дагуу ажиллахгүй байна гэх шалтгаанаар эрхийг нь цуцлах гэж байсан ч НӨАТ-ын баримт өгдөггүй гэх үндэслэлээр ганцхан компаниар туг тахиж түүнийгээ олон түмэнд " Удаа дараа эзэнд нь мэдэгдэлгүй ачсан учраас компанийнх нь эрхийг цуцалсан” гэх мэдээлэл тарааж байв.
Товчхондоо бол хууль хэрэгжүүлж буй эсэхэд хяналт тавих ёстой албан тушаалтнууд "Ачилтын компани”-ийн ард ЭЗЭН СУУСАН учраас бараг 10 орчим жил болж буй энэ үйлчилгээнд дэвшил гарахгүй бахь байдгаараа байна.
Үргэлжлэл бий...
https://erennews.mn/article/49727
Сэтгэгдэл