Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод сууж байсан ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдлээ ашиглаж, дипломат дугаартай автомашинаа өмнөд хөршийн иргэнд худалдсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.
Энэ хооронд тэрбээр УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт бие даан нэр дэвшиж, сүүлийн өдрүүдэд хотын Засаг даргын орлогч нарын өрөө рүү дайрч орон бужигнуулж, циркийн барилгын нөхцөл байдлыг олон нийтэд хүргэн, олон нийтээс нэр хүнд олж авахыг хичээж буй гэхэд хилсдэхгүй.
Харин түүнд холбогдох хэрэг бүтэн хоёр жилийн хугацаанд хэрхсэн нь тодорхойгүй байна. Тэрбээр дипломат дугаартай автомашинаа өмнөд хөршийн иргэнд худалдсан тухайгаа зурагтаар "Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч нь татваргүйгээр автомашин оруулж, унаж хэрэглэх эрхтэй. Монголд суугаа бусад бүх орны төлөөлөгч ч ийм эрхтэй байдаг. Венийн конвенцод заасан энэ эрхээ эдэлж БНХАУ руу автомашин оруулсан. Гэхдээ би Монголоос аваачсан "Range Rover” маркийн автомашинаа бусдад шилжүүлсэн, зарсан асуудал байхгүй. Энэ бол миний албан тушаалыг авах гэсэн хүмүүсийн гүтгэлэг байсан. Шүүхээр гэм буруутай, эсэхийг тогтоогоогүй байж ажлаас өөрчилсөн шийдвэр гаргана гэдэг харамсалтай. Би буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээж байсныг зарим үзэгч, уншигч санаж буй нь лавтай.
Тэгвэл хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар Д.Мөнх-Эрдэнэ Хөх хот дахь Консулын газрын албан хэрэгцээнд ашиглах нэрээр автомашинууд оруулаад нэгийг нь өвөрмонгол хүнд зарсан нь батлагдсан аж. Автомашин худалдан авсан хүнийг олж тайлбар, мэдүүлэг авах шаардлагатай учраас өмнөд хөршийн талд Эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээний хүрээнд тухайн өвөрлөгч хүнээс тайлбар, мэдүүлэг авч өгөхийг хүссэн гэдэг. Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнийн эрх мэдлээ ашиглан өмнөд хөршийн татвараас зайлсхийж, албан хэрэгцээнд ашиглах нэрээр оруулсан өөр нэг машин болох "Лексус-570”-ыг Хөх хот дахь Ерөнхий консулын газарт хааш нь ч хөдөлгөж чадахгүй, битүүмжилчихээд байсан юм. Түүнд холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар албаныхнаас тодруулахад "Эдийн засгийн шинжээч болон аудитын байгууллага дүгнэлтээ гаргасанд үндэслэн Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татах санал АТГ-аас прокурорт ирүүлсэн. Хавтаст хэргийн материалтай танилцаад хяналтын прокурор удахгүй шийдвэрээ гаргах байх” гэлээ.
https://hadaas.me/p/34221
Сэтгэгдэл