Амарааг "Миний гэр" реалити шоуны хамгийн ухаалаг оролцогч байхаас нь мэдэх юм. 25 дугаар суваг телевизээс зохион байгуулсан Монголын анхны реалити шоу юм л даа. Нэг л мэдэхэд " Миний гэр"- ийн оролцогчид бүгд Амраагийн үг, шийдвэр, хандлагыг сонсдог, үзэгчид хүлээдэг болчихсон байсан. Гэтэл одоо тэр комидеан, бас амьдран буй нийгмийнхээ идэвхтэй оролцогч, ардчилсан үзэл баримтлалын төлөө тууштай зүтгэгч, бас охиноо хөтөлсөн 36 настай аав болжээ. Түүний амьдралын, мөн чанарын 30 жил ардчиллын он жилүүдэд төлөвшсөн байна.
Аав ээжийнхээ хийсэн нарийн боовыг 12 настай байх үеэсээ хотын ТҮЦ, хүнсний дэлгүүрүүдээр явж борлуулдаг байсан Д.Амартүвшин эдүгээ " Comedy Lab" клубын гишүүн. Яриа, хандлага, ишлэлээс нь түүний маш их уншдагийг мэдэж болно. Улс төр, эдийн засгийн чиглэлээр түлхүү уншихаас гадна клубээрээ дамжуулан орчин цагийн залууст зориулан Айн Рэнд, Марк Скаузен нарын бүтээлүүдийг орчуулан гаргажээ. Сонирхол, үзэл бодол нэгтэй залуустай хамтран эдийн засгийн онолын чиглэлээр " Мises Mongolia" ТББ-ыг үүсгэн байгуулсан. Үүгээрээ дамжуулан 2019 онд эдийн засагч, философич, бизнесмэнүүдийг урьж, олон улсын зэрэглэлтэй хурал зохион байгуулж байжээ.
Амартүвшин эрх баригчдыг өөрийн өнцгөөс зоригтой, шуудхан, гаргалгаатай, дүгнэлттэй шүүмжилдэг. Энэ хандлага нь эрх баригчдын дургүйцлийг ч их хүргэдэг, эгэл иргэдийг ч заримдаа шоконд оруулдаг. Тэр зөвхөн утасны цаанаас хашгираад суудаггүй. Гарч тэмцдэг, босч үгээ хэлдэг, нийгмээ өөрчлөх гэж зүтгэдэг залуусын нэг. Эх орондоо үлдэж, эх орноо өөрчлөхийг, хөгжүүлэхийг зорьдог сэтгэл нь түүнийг Монголоос өөр хаашаа ч явуулахгүй байгаа юм.
Тийм залуус олон бий, тэгэхдээ тэдэнд орон зай олддоггүй тийм л цаг үе ажээ. Цүнх баригч байгаагүйнх нь төлөө, албан тушаалтанд долигоноогүйнх нь төлөө, эрх баригчдаас эс хамаарсных нь төлөө Амараа шиг олон залууг буландаж хардаг, бушуухан хорихыг урьтал болгодог нийгмийг өнөөгийн төрийнхөн бүтээчихэж. Төр бараадаж, түрийндээ мөнгө чихсэн нь машины томыг, байрны тансагийг, албан томилолтын үнэтэйг өөрийн болгодог. Амараа шиг цаг үеэ өөрөө босгож, нийгмээ өөрөө бүтээж, амьдралаа өөрөө цэгцэлж, залуу соргог хандлага, үзэл бодол тээгчдийг адладаг, араас нь түлхдэг, олноос нь салгаж байгаад овоодож чирэхийг урьтал болгодог тийм л Монголд бид одоо амьдарч байна.
Өчигдрийн үйл явдал " Бид хаашаа яваад байна вэ" гэж өөрийн эрхгүй бодоход хүргэлээ. Ганцхан мөчид Амараа гэмт хэрэгтэн болж торны цаана тодорхойгүй хугацаагаар хоригдох боломжтой байлаа. Зориуд болон зориуд бусаар...түүний намтарт хар толбо нэмэгдэж болох байлаа. Зөв ярьж, шулуун зүтгэж, төрөөс үл хамаарч, хэт их эрх мэдлийг шүүмжилдэг хүмүүсийн дундаас Амараа чимээгүйхэн алга болж, цагдаагийн үүд сахисан гундуухан нэгэн болж болох байлаа. Энэ бол ганцхан Амараад хамаатай хэрэг биш ээ. Хожим бидний үр хүүхэд бас нэгэн Амараа болоод шалтагтай, шалтаггүй ачигдах болно гэдгийг бүгд харлаа. Тэднийхээ ардчилсан зүрх сэтгэлийг бид яах юм бэ?
Амараа, Амараагийн үеийнхэн, Амараа шиг үзэл бодолтой залуус цаашдаа хэрхэх вэ? Яагаад Монгол Улс ардчилсан нийгмийг хөгжлийн чиг баримжаа болгон сонгосон хэрнээ ардчиллын 30 жилд өсч өндийж, үзэл бодол нь төлөвшсөн Амараануудад гишгэх газар олдохгүй болтлоо хумигдаад, хаагдаад, хүчинд хөтлөгдөөд байна вэ? Олон олон Амараа л энэ улс орныг эл эмх замбараагүй, эрх мэдэлд хэт дулдуйдсан дэлхий дээр цаашдаа авч явах учиртай юм. Тиймээс тэднийг үргэлж дэмжинэ, тэдэнд орон зай, цаг үеийг нь үлдээхийн төлөө үгээ хэлнэ.
Р.Эмүжин
Сэтгэгдэл