Монголчууд тамирчдаасаа амжилт горилох хэрэггүй


Монголчууд тамирчдаасаа амжилт горилох хэрэггүй

 

Тэргүүнгүй байлаа гээд ажил нь цалгардаж  байгаа бол тэнд мэргэжлийн хүн, мэргэжлийн баг хамт олон алга гэсэн үг. Ингэж хэлэхийн учир нь дөнгөж 2 хоногийн өмнө Монголын Үндэсний олимпийн  хороо "2022 оны Бээжингийн олимпд оролцох төлөвлөгөөг гаргасан байгаа юм. Баг тамирчдын  бэлтгэл сургуулилтын хуваарь,  төсөв, тамирчдын хэрэглэх уураг, амин дэм, нислэгийн хуваарь зэргийг гаргаснаа их маадгар зарлана билээ.  

"Эрдэмтэй хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа” гэж Итгэлт баян Эрдэнэд дансаа үзүүлэхдээ хэлдэг. Тэгвэл тэрхүү ноорхой дэвтрээр тэртээ 100 орчим жил буюу хувьсгалын үеийн данс тооцоо, хүн ардын аж байдал, амьдралыг харуулсан нь тэр.

Гэтэл өнөөдөр XXI  зуун шувтрах тийшээ орж байхад Монголчууд балар эртний байдлаараа байгаа нь даанч ичмээр.

Цаг сайхан, мэргэжилтэй, мэдлэгтэй, амбицгүй, ашиг сонирхол хөөцөлддөггүй нөхдүүд уг хороог толгойлж байх үед нэг олимп дууслаа дараагийн олимпийн цикль эхэлдэг байв.

Гэтэл ар өврийн хаалгаар албан тушаалд шигдсэн, ажлаа мэдэхгүй,  нөхдөөс болж Монголын тамирчид олимп эхлэхээс 3-4 сарын өмнө л бэлтгэлээ базааж ёстой л тамирдаж унахаас наагуур болтлоо махлуулж байгаад явах бололтой.

Гэтэл бусад улс орнууд аль хэдийн олимпийн тэмцээнд оролцож байгаа мэт төсөөллийг авчихсан, зам талбайдаа хичээллээд эхэлчихсэн байх жишээтэй. Мөн зохион байгуулагч Хятад улс гэхэд зөвхөн нэг удаа олимп зохиогоод өнгөрөх бус өвлийн XXIV  наадмын хүрээнд  өвлийн спортыг шинэ шатанд гаргах, өвлийн спортоор хичээллэх иргэдийнхээ тоог 300 саяд хүргэх зорилт тавьчихсан  байх жишээтэй.

Энэ удаагийн өвлийн олимпод 2892 тамирчин мөсөн хоккей, лүж буюу тобагган чарга, цана, тэшүүр, мөсөн хоккей, биаталон, бобслей, кёрлинг, гэсэн 7 төрлийн 109 тэмцээнд  хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тэгвэл дөнгөж хуваарь нь гарч байгаа манай тамирчид энэ тэмцээнд хаагуур давхих нь ч ТОДОРХОЙ. 

Төр засаг, мэргэжлийн байгууллагуудаас  үнэндээ тэднийг МАХАЛЖ байгаа дүр  зураг нүднээ бууж байна. Учир нь өвлийн олимп 70 хоногийн дараа л эхэллээ шүү дээ. Ийм байхад бид тэднээс амжилт нэхэх эрх байхгүй. Гэхдээ тэд маань ганц нэг  байр ч болтугай ургшлахын тулд мачийхаараа  мачийх нь тодорхой л доо.

https://erennews.mn/article/51298

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.