Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээ тав дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Гадна талбайд ачаатай том, жижиг машинууд эгнэн урдаа том жин тавьж идэшний мах борлуулж байв. Бөөний үнээр борлуулж байгаа тул худалдан авалт сайн байгаа нь илт. Тодруулбал, үхэр, адууны мах нэг килограмм нь 8500, хонь 7500, ямаа 6500 төгрөгийн үнэтэй байна. Нэгдсэн арга хэмжээний эхний өдрүүдэд зах зээлийн үнээс өндөр нэг килограмм үхрийн мах 9000-11000 төгрөг байгаа талаар мэдээлэл гарч шүүмжлэл дагуулж байсан. Ямартай ч арга хэмжээ эхлээд үнэ буурсан уу, хямд үнээр борлуулагдаж байгаад иргэд ам сайтай байв. Мөн үйлдвэрт цэвэрлэж савлаад ангилсан махыг багцаар нь үнийн сонголттойгоор худалдаалж байгаа аж. Энэ талаар “Цалуут импекс” компанийн борлуулалтын менежер С.Баяржаргал “Чанахад бэлэн, цэвэрлээд савласан таван цул 16000 төгрөг. Мөн үхрийн зүрх 6500, хонины зүрх 5200, булууны яс 4000, бог малын дунд чөмөг 1000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа.
Үйлдвэрийн аргаар цэвэрлээд, амтлаад савлачихсан учраас иргэд их сонирхож байна. Ялангуяа, дайвар бүтээгдэхүүнүүдийг иргэд сонирхож худалдан авсан. Үйлдвэрийн үнээр борлуулж байгаа учраас худалдан авалт сайн байна. Манай компани эрүүл ахуйн шаардлага хангасан” гэв.
“Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээнд борлуулагдаж буй мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээс мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын холбогдох газраас шинжилгээ авч гарал үүсэл нь баталгаатай эрүүл хүнсийг борлуулж байгааг зохион байгуулагчдын зүгээс хэллээ. Энэ талаар Архангай аймгаас ирсэн малчин “Олон аймагт шүлхий болон малын бусад халдварт өвчин гарсан учраас иргэд хаанаас ирсэн, эрүүл малын мах уу гэж их асууж байна. Тиймээс өдөр бүр мал эмнэлгийн газраас авсан шинжилгээний хариугаа үзүүлж байгаа. Шинжилгээний хариу шуурхай гарч байгаа нь махаа борлуулж байгаа малчдын хувьд болон иргэдэд амар байна. Манайх хонь, үхэр, ямааны махтай ирсэн. Хонины мах нэг килограмм нь 7500 төгрөг” гэв. Өвлийн идэшний үхрийн хаа гуя ойролцоогоор 460-500 мянган төгрөг татаж байгаа бол хонины гулууз 145-190 мянган төгрөгийн хооронд байна.
Түүнчлэн, малчид зөвхөн мах төдийгүй сүү, цагаан идээ, шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг Төв талбай дотор бөөний үнээр худалдаалж байв. Сүү нэг литр нь 3000, аарц нэг килограмм нь 5000, айраг 7000, ааруул 22 мянга, ээзгий 18 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин өрхийн үйлдвэрлэлийн аньсны өтгөрүүлсэн шүүс 18 мянган төгрөг, чацаргана 12 мянган төгрөг бол нэг килограмм чацаргана 8000 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Нэгдсэн арга хэмжээний талаар иргэд зах зээлийн жижиглэнгийн ханшаас хямд, мал эмнэлгийн шинжилгээний бичигтэй, сонголттой, ченжүүдийн гар дамжуулалгүй малчдаас шууд худалдан авч байгаа талаар ам сайтай байв.
Түүнчлэн иргэдийн цагийг хэмнэх үүднээс “Монгол шуудан” компанитай хамтран хүргэлтийн үйлчилгээг санал болгож байгаа аж. Тодруулбал, хүргэлтийн үйлчилгээг ашиглан өвлийн идшээ орон нутгаас Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл хүргүүлэн авах боломжтой юм байна. Хүргэлтээр авах бол “Монгол шуудан” компанийн орон нутгийн хүргэлтийн тээвэртэй холбогдоно. “Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээнд оролцохыг хүссэн малчид, ААН-үүд зөвшөөрөл авахгүй, зохион байгуулагчидтай холбогдож борлуулалт хийх талбайгаа сонгох боломжтой аж. ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, орон нутгийн удирдлагууд болон Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж буй “Өвлийн идэш” арга хэмжээ арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.
Б.Бямбажаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл