Навчны сэрчигнээн, усны харгиа, шувуудын жиргээ, салхины исгэрээн сонсох сон. Бас морьд үүрсэж, царцаа дуугарч, хөхөө донгодохыг анирдахыг хүсэж байна. Гэв гэнэт юу ч сонсохоо больж, сонсголын бэрхшээлтэй гэх тодотголыг насан туршдаа зүүсэн 1.5 тэрбум хүний нэг болж мэдэх тийм л аймшигтай орчинд бид амьдарч байгаа учраас тэр. Мөнгө төлөөд ч биелэх боломжгүй мөрөөдөл нь ертөнцийн түг түмэн чимээ анирыг сонсох сон гэх хүсэл байна чинээ хэн санах билээ.
Германы нэрт эрдэмтэн, Нобелийн шагналт бактерилогич Роберт Кох одоогоос 100 жилийн өмнө "Хүн төрөлхтөн хэзээ нэгэн өдөр аймшигт холер өвчинтэй бус, шуугиан гэх тахалтай тэмцэнэ” гэж хэлж байжээ.
Ёрын үг унагалаа гэж олон хүнээс шүүмжлэл хүлээж байсан түүний энэ зөгнөл биеллээ олж, хүн төрөлхтөн нэгэнт хүчин мөхөстжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага орчны бохирдол буюу шуугиантай холбоотой нэгэн судалгааны үр дүнг саяхан танилцуулсан нь олон улсыг түгшээгээд байна.
Тэдний судалгаагаар эл тахлын уршгаар жилд дунджаар 1.5 тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй болж, нэг сая иргэн хоол боловсруулах эрхтний болон бухимдлаас үүдэлтэй зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж буй гэсэн аймшигтай тоо гарчээ. Хамгийн харамсалтай нь тэдний олонх нь залуус буй юм. Үүнийг тахлын хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлд авто болон төмөр зам, тээврийн хэрэгсэл, томоохон худалдааны төв, баар, цэнгээний газар, үйлдвэрийн дуу шуугиан зонхилж байгаа аж.
Орчны бохирдол буюу чимээ шуугианы асуудалд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хянах үүрэг бүхий байгууллагууд анхаарч, иргэдэд таатай амьдрах орчин, нөхцөл бүрдүүлэхэд төр, засгаас анхаарах ёстой. Гэтэл манай оронд энэ асуудалд дорвитой анхаарч ажилласан тохиолдол ер алга.
Үүнтэй холбоотой хамгийн сүүлчийн судалгааг дөрвөн жилийн өмнө Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хийсэн байх юм. Тэгэхээр энэ асуудалд манай холбогдох албаныхан хэрхэн хандаж буйг үүнээс харахад хангалттай. Улаанбаатар хотын орчны шуугианы дундаж түвшин 67.3 децибел буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 7.3 нэгжээр илүү байгаа нь дээрх судалгаагаар тодорхой болжээ.
Тэдний судалгаагаар эл тахлын уршгаар жилд дунджаар 1.5 тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй болж, нэг сая иргэн хоол боловсруулах эрхтний болон бухимдлаас үүдэлтэй зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж буй гэсэн аймшигтай тоо гарчээ.
Уг нь хотын дуу шуугианы стандарт хэмжээ 07.00-23.00 цагийн хооронд буюу 16 цагийн дунджаар 60 децибел, 23.00-07.00 цагийн хооронд буюу найман цагийн дунджаар 45 децибелээс хэтрэхгүй байх ёстой аж.
Судалгаа хийснээс хойш нийслэл цөөнгүй тээврийн хэрэгсэл, худалдаа үйлчилгээний цэг, үйлдвэрээр "бүл нэмсэн” байж таарна. Тэгэхээр аюулын уршиг улам л нэмэгдсэн гэсэн үг. Анхаарал хандуулах үүрэг бүхий байгууллага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан "Орчны шуугианыг нарийвчлан судлаагүй” гэх хэнэггүй хариулт хэлээд сууж байна.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюунчимэгийн хэлснээр тус байгууллагынхан Улаанбаатар хотын шуугианы түвшнийг тогтоох судалгаа дахин хийхээр төлөвлөөд буй аж.
Уг нь тэд жил бүр судалж, урьдчилан сэргийлэхэд санаа тавих ёстой баймаар. АНУ болон ХБНГУ-д үйлдвэрлэл, хотжилтын нөлөөнд хэт автсан гэмээ цайруулахын тулд үүнд онцгой анхаардаг бөгөөд шуугианаас хамгаалах хэрэгсэл болох чихэвч, дуулга, малгай зэргийг хагас жил тутамд иргэдэдээ тараадаг гэнэ.
Мөн 50 децибелээс их шуугиантай, авто болон төмөр зам дагуу дуу шингээгч материалаар хийсэн хана, бүр хөшөө, дурсгал ч байгуулдаг аж. Гэтэл бид энэ бэрхшээлийн талаар хэнд мэдээлж, хэрхэн шийдүүлэх ёстойгоо ч мэдэхгүй.
Чимээгүй ирсэн чимээтэй тахал
Шуугианыг олон жилийн турш бие даан судалж буй, МУИС-ийн доктор И.Дэлэг "Иргэд энэ асуудалд их хайнга хандаж, дасан зохицдогоос эрүүл мэндээрээ хохирдог. Угтаа бол гэрт болон ажлын байранд үүсдэг шуугиан эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх хэмжээнд байгаа бол цагдаа болон эрүүл мэндийн байгууллагуудад ч хандаж шаардлага тавих эрхтэй.
Тэр ч бүү хэл, дуут дохио дураараа хангинуулдаг жолооч нарыг цагдаад мэдүүлж, торгуулж болно. Замын цагдаагийн газрынхан үүнийг тоодоггүй болохоор жолооч нар хүссэн үедээ дуут дохиогоо хангинуулдаг” гэсэн юм. Замын хөдөлгөөний дүрэмд ч (6.1-т) "Иргэд зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, бусад жолоочид анхааруулга өгөх зорилгоор дуут дохио ашиглана” гэж заасан байдаг.
Үүнээс бусад тохиолдолд дохио ашиглавал Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж, 5-25 мянган төгрөгөөр торгох бөгөөд дуут дохио 7.3 децибелээс бага байвал хууль зөрчөөгүйд тооцдог гэнэ. Дуут дохиогоо дуугаргахыг урьтал болгодог бүдүүлэг жолооч нарыг номхруулах боломж бидэнд бий нь энэ.
Хүрээлэн буй орчны шуугиан 85 децибелээс их тохиолдолд хүний бие өвчний "уурхай” болдог аж. Тухайлбал, хэт их шуугиантай газарт удаан байсан хүний сонсголын эрхтэн гэмтэхээс гадна хоол боловсруулах эрхтэн хямарч, нойргүйддэг гэнэ. Тэр ч бүү хэл, байнга дуу чимээтэй орчинд, хотын төвд амьдардаг хүмүүс бусадтай харьцуулахад амархан бухимддаг, аймхай, өөртөө итгэлгүй, гутранги байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэлзүйч эмч Г.Бүжидмаа "Орчны шуугианы нөлөөнд өртдөггүй хүн гэж үгүй. Эрүүл мэнд болон нас, сэтгэлзүйн онцлогоос хамаараад сонсголын ядаргаа, шуугианы гэмтэл, мэргэжлийн дүлийрэл гэсэн гурван түвшинтэй. Бага насны хүүхэд их шуугиантай газар удаан байвал тархинд цус харвах аюултай бол, хууч өвчин, сандрах эмгэгтэй хүмүүс архаг ядаргаанд орж, биеэ хянах чадваргүй болдог” гэв.
Ямар нэг зүйл тэсэлж дэлбэлэх, тийрэлтэт хөдөлгүүр ажиллах үеийн хоромхон зуурын үзэгдлээс үүссэн цочир дуу чимээ сонсголын эрхтэнд удаан хугацааны нуугдмал аюул учруулдаг гэдгийг ч тэрбээр онцолсон.
Шуугианаас үүдэлтэй өвчлөлийг бууруулахын тулд журам тогтоох шаардлагатайг судлаач Д.Оюунчимэг тэмдэглэж байсан. Үүний тулд бид нэн түрүүнд ДЭМБ-ын тогтоосон журмыг хувь хүн, албан байгууллагын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай гэнэ. Тухайлбал, ДЭМБ-ын тогтоосон журмаар бол унтлагын өрөө, анги танхим дахь шуугиан 35 децибелээс бага байхад хүн хэвийн нойрсож, сурах тохиромжтой нөхцөл бүрддэг гэнэ.
Энэ мэтчилэн журам бий болгож, дагаж мөрдөөд зогсохгүй, орчны дуу шуугианыг тодорхойлж, тогтмол хянаж, Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулан, хот төлөвлөхдөө ч харгалзах хэрэгтэй юм байна.
Ж.Сувдмаа
Сэтгэгдэл