Өвлийн Олимпийн наадмын спортын төрлүүдээс хамгийн анхаарал татдаг нь уран гулгалт байдаг. Уран гулгагчид хэрхэн иртэй төмөр дээр гайхалтай тэнцвэртэй гулгаад зогсохгүй хүнд үзүүлбэрүүдийг үзүүлж буйг хараад бишрэх сэтгэгдэл хүн бүрт төрнө. Үүнээс гадна бас нэгэн гайхшрал төрүүлдэг үзүүлбэр нь эргэлт байдаг. Ийнхүү олон эргэлтүүдийг хийхэд тэдний толгой эргэдэг болов уу?
СУРТАЛЧИЛГАА
Нэн түрүүнд толгой эргэх үзэгдлийн талаар шинжлэх ухааны үүднээс авч үзье. Хүн дороо эргэлдэх үед нүд толгойны эргэлтийн эсрэг чиглэлд хөдөлдөг. Гэхдээ толгой 360 хэм эргэхээс өмнө нүд аль хэдийн хязгаартаа хүртэл хөдөлсөн байдаг. Тиймээс хүний эргэлт дөнгөж талдаа орж байх үед нүд хэвийн байрлалдаа эргэж ирээд дахин хөдлөх бөгөөд эргэлт үргэлжлэх тусам энэхүү хөдөлгөөн давтагдсаар байна.
Ийнхүү нүд толгойны эсрэг зүг рүү тогтмол хөдөлснөөр бидний толгой эргэдэг бөгөөд үүнийг нистагмус гэж нэрлэдэг. Харин уран гулгалтын тамирчид, балетчид, бүжигчид тусгай техникийн дагуу толгой эргэлтээс зайлсхийх, эсвэл толгой эргэж буй мэдрэмжийг авахгүй байх бэлтгэлийг хийдэг байна.
Бүжигчид ихэнхдээ "споттинг” гэх техникийг ашигладаг. Энэ нь зөвхөн нэг цэг рүү хараагаа төвлөрүүлж, биеийнхээ хурдаас илүү хурдтайгаар толгойгоо эргүүлэх арга юм. Өөрөөр хэлбэл, толгой болон бие өөр хурдаар эргэж байгаа хэрэг. Споттингийн гол зорилго нь толгой, нүдний чиглэлийг жигд адилхан байлгах явдал юм. Ингэснээр бүжигчин толгой эргэх мэдрэмжийг авахгүй.
Гэхдээ энэ арга уран гулгагчдын дунд төдийлөн алдартай биш. Үүний оронд тэд "оптокинетик настигмус" техникийг ашигладаг бөгөөд энэ нь нүдээ хоёр тийш байнга хөдөлгөх арга юм. Өөрөөр хэлбэл нүд толгойн эсрэг чигт хөдөлснөөс болж толгой эргэдэг гэж дээр дурдсан бол уран гулгагчид эргэлттэйгээ ижил чигт нүдээ байнга хөдөлгөж байдаг аж.
Үүнийг энгийн амьдралаар жишээлбэл бид галт тэрэг, автобус дотор явж байгаад гаднах орчинг харахдаа нүдээ байнга хоёр тийш хөдөлгөдөг ч толгойгоо хөдөлгөдөггүй. Яг энэ аргыг уран гулгалтын тамирчид хэрэгжүүлдэг тул тэд эргэлт хийснийхээ дараа хөл дээрээ тогтож чаддаг байна.
Гэхдээ энэ нь толгой эргэлтийн асуудлыг бүрэн гүйцэд шийдвэрлэж чаддаггүй. Удаан хугацааны туршид бэлтгэл хийсний ачаар тамирчид энэ техниктээ дасаж эхэлдэг байна. Бэлтгэл султай тамирчдын хувьд тэмцээн уралдаанд толгой нь эргэхгүйгээр оролцоно гэдэг хэцүү.
Олон улсын уран гулгалтын холбооны дүрмээр тамирчид ганцаарчлан эргэлт 6-аас дээш, харин холимог эргэлт нь 10-аас багагүй байх ёстой гэнэ. Үүнээс харахад мэргэжлийн уран гулгалтын тамирчид толгой эргэлтээ багасгахын тулд маш их бэлтгэл хийх хэрэгтэй болдог бололтой.
Сэтгэгдэл