Ашигтай ч хортой, амттай ч аюултай


Ашигтай ч хортой, амттай ч аюултайХиам, зайдас, гахайн утсан махнаас эхлээд нөөшилсөн болон ямар нэгэн химийн нэмэлтээр боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн жил анхааруулсан. Эрүүл ахуйн хяналт шалгалт, стандарт, норм нарийн баримтлан ажилладаг олон жилийн түүхтэй үйлдвэрүүд үүнтэй санал нийлэлгүй, ДЭМБ-ын анхааруулгыг сөргөөр хүлээж авсан нь мэдээж. Гэхдээ эрүүл байхыг хүсвэл иргэд хэрэглээгээ хянаж, сонголтоо зөв хийх нь чухал.

Манай хиамны үйлдвэрүүд хугацаа нь дууссан, буцаасан бүтээгдэхүүнээ хэрхдэг нь тодорхойгүй байна. Миний ойлгож буйгаар ОХУ-ын зарим үйлдвэр буцаагдсан хиамаа зайдас хийхэд ашигладаг.

Гурван жилийн өмнө нитритийн хордлогоор 14 хүн ХӨСҮТ-д нэг дор эмчлүүлж байсныг санаж байна. Гахайн тагалцагт нитритийн давс хийж чанаж идээд тийн хордсон гэдэг. Монгол Улсын хэмжээнд хиам, хиаман бүтээгдэхүүний үйлдвэрлэлд амт, өнгө оруулах зориулалтаар нитритийн давсыг (Е249 Е240) өргөнөөр хэрэглэж байгаа. Гэхдээ МХЕГ-аас жилд нэг удаа, тогтсон хуваарийн дагуу үйлдвэрүүдэд шалгалт хийж, хянадаг учраас байгууллагуудын дотоод хяналтад найдахаас өөр арга байхгүй. Олон жилийн түүхтэй, хүнсний манлай үйлдвэрүүдийн хувьд дэргэдээ лабораторитай, мэргэжилтнүүд нь туршлагатай, дотоод хяналт сайтай байдаг тул илүү итгэл үнэмшил төрүүлдэг.

Өнгөрсөн хавар НМХГ-ын Төв лабораториос хиам, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын лабораторийн чадамжийг сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулж байсан. Тухайн үед хиамны үйлдвэрүүдэд сүүлийн гурван жилд ямар зөрчил их гарч байгаа тухай танилцуулахад, 2011 онд батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг үйлдвэрүүдийн 50 гаруй хувь нь огт мөрдөөгүй байж таарчээ. 56 үйлдвэрт хийсэн шалгалтаар 516 зөрчил илрүүлж, 45.3 хувийг нь арилгуулан, бусдад нь албан шаардлага хүргүүлсэн тухайгаа НМХГ-ынхан мэдээлсэн. Эдгээр зөрчилд нийтдээ 4.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.

Угтаа бол бизнесийн нэр хүндээ хадгалж, хэрэглэгчдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үүргээ биелүүлэхийн тулд дотоод хяналтаа сайжруулчихвал Мэргэжлийн хяналтын байгууллага ч бас тэдэнд сургалт явуулж, уялдаа холбоотой ажиллаж болох юм билээ. Ажилтнуудаа эрүүл мэндийн шинжилгээнд хамруулдаггүй, зориулалтын барилгад үйл ажиллагаа явуулдаггүй, ажлын байрандаа халдваргүйжүүлэлт хийдэггүй гэсэн шалтгаанаар 13 байгууллагад албан шаардлага хүргүүлж, торгожээ. Дээрх 56 үйлдвэрийн 25 нь бага эрсдэлтэй, 23 нь дунд эрсдэлтэй, найм нь их эрсдэлтэй гэж дүгнэгдсэнээс харахад хяналт, шалгалт хийхгүй л бол дүрэм, журмын дагуу ажилладаг нь цөөн мэт.

Ходоодны өвчлөл ихтэй манай улсын хувьд хоёр жилийн өмнө хиамны 40 үйлдвэр, бөөний төвд шалгалт хийхэд нийт хиаман бүтээгдэхүүний 23 хувь нь нян, 4.4 хувь нь нитритийн хэмжээ ихтэй байсан нь илэрчээ.

Энэ мэт эрүүл ахуйн шаардлагад бүдэрдэг үйлдвэрүүд химийн бодисоо хэрхэн яаж, хэрэглэдэг бол гэсэн хардлага төрнө. Түүнчлэн дээр дурдагдсан зөрчлүүдийн дунд шошгондоо бүтээгдэхүүнийхээ найрлагыг бүрэн дурдаагүй гэсэн тэмдэглэл бичигдсэн байсан. "Сүүлийн үед зарим үйлдвэр бүтээгдэхүүний найрлагад тахианы мах, хүнсний нэмэлт, ургамлын гаралтай мах гэсэн нэршил бичих болсон. Энэ нь шар буурцагны махыг хиам хийхэд ашигладаг болсонтой холбоотой” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Э.Эрдэнэцогт тайлбарласан.

Түүнчлэн хойд хөршид л гэхэд хиамны найрлагын 40 орчим хувьд л мах ашиглаж байгааг сануулсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн "Манай хиамны үйлдвэрүүд хугацаа нь дууссан, буцаасан бүтээгдэхүүнээ хэрхдэг нь тодорхойгүй байна. Миний ойлгож буйгаар ОХУ-ын зарим үйлдвэр буцаагдсан хиамаа зайдас хийхэд ашигладаг гэсэн. Манай үйлдвэрүүд ч энэ жишгээр ажилладаг байх магадлалтай” гэсэн юм.

Энэ талаар тус салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсээс тодруулахаар "Мах импекс” ХК-ийг зорьсон юм. Тус компанийн лабораторийн эрхлэгч С.Уянга үйлдвэрлэлийн хяналт, шалгалтыг хэрхэн явуулж, махаа яаж сонгон, бүтээгдэхүүндээ ямар шаардлага тавьдгаа тайлбарласан. Стандартын дагуу нэг кг мах тутамд таван мг хүртэлх хэмжээтэй нитритийг хүлээн зөвшөөрдөг ч тус үйлдвэр 1.8-2 мг хэмжээнд барьдаг аж. Түүнчлэн давсны хэрэглээг бууруулахад нөлөө үзүүлэх зорилгоор бүтээгдэхүүний давсны хэмжээг 10 орчим хувиар бууруулж туршсан байна.

Польшоос гахайн махаа импортолж, олон улсын стандарт нэвтрүүлэн ажиллаж байгаа тус байгууллагын хувьд Монгол Улсын стандарт, Мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг баримтлан ажиллахаас гадна гадаад хамтрагчдынхаа итгэлийг даахын тулд дотоод хяналтаа нарийн мөрдөн ажилладаг аж. Өдөр бүрийн тэмдэглэл, технологийн карт хөтөлж, дүрэм журамтай ажилладаг нь харагдсан. 70 жилийн түүхтэй энэ үйлдвэр ISO9001 2008 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн учраас эрүүл, чанартай хүнс зах зээлд нийлүүлдэг аж.

Тэгвэл улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 131 үйлдвэрийн 56-д шалгалт хийхэд олон зөрчил илэрснийг дээр дурдсан. СХД-т үйл ажиллагаа явуулдаг "Дүрт баялаг” хиамны үйлдвэр нитритийн хэмжээг хэтрүүлдэг байсан нь шалгалтаар тогтоогдсон удаатай. Нитрит нь эрүүл мэндэд хортой хэдий ч хиамны үйлдвэрлэлд зайлшгүй ашиглах шаардлагатай хэмээн судлаачид үздэг. Учир нь маханд байдаг бичил биетний өсөлтийг сааруулж, хиамны өвөрмөц улаан өнгийг бий болгож, ханаагүй тосны хүчлээс үүсэх зохисгүй үнэрийг дарах чадалтай, ийм гурван үүргийг давхар биелүүлдэг өөр бодис байдаггүй аж. Хүний биеийн жингийн нэг кг тутамд 0.4 мг-аас хэтрэхгүй хэмжээтэй нитритийн хэрэглээг зөвшөөрдөг хэмээн НМХГ-аас танилцууллаа.

Хиамны үйлдвэрлэлд нэг кг маханд хамгийн ихдээ таван мг нитрит хэрэглэхийг зөвшөөрдөг нь ч үүнтэй холбоотой. Хадгалалтын хугацааг уртасгаж, амт, өнгө, үнэр нэмдэг энэ бодисыг дангаар нь хэрэглэвэл 65 кг жинтэй хүнд 4.6 гр нь үхлийн тун болох гэнэ. Нитритийн давснаас хордсон тохиолдолд дотор муухайрах, огиулах, бөөлжих, гүйлгэх, элэг томрох, өвчин орж хөндүүрлэх зэрэг шинж илэрдэг аж. Ноцтой хордлогын үед даралт огцом унаж, гар, хөл хөлрөн, амьсгаа түргэсэж, арьс хөхрөх, толгой эргэхээс гадна бие организмд А, Е, С, В1, В6 аминдэмүүд багасдаг байна.

Тиймээс хиам худалдан авахдаа шинжилгээний бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим ба-римталдаг, ариун цэврийн нөхцөл бүрдсэн газрыг сонгох нь чухал. Хөргүүргүй нөхцөлд хиам худалдаж байгаа газраас сонголт хийх хэрэггүй.

Зуны улиралд аялал зугаалгаар явахдаа замын хүнсэндээ бид ихэвчлэн хиам сонгодог. Тэгвэл бүтэн утлагатай хиамыг заагдсан нөхцөлийн дагуу хамгийн ихдээ 30, хагас утлагатайг 14, чанамал хиамыг 10-14, зайдсыг долоо, элэгний нухшыг гурав хоног хадгалах ёстой юм байна. Түүнчлэн бүтээгдэхүүн сонгохдоо хэт улаан өнгөтэй, бүрхүүл нь гэмтэж, хорчийсон байвал татгалзаарай. Нитрит их байх тусам хиамны өнгө илүү улаан байдаг аж.

Нитрит хортой ч ашигтай. Нянтай махны аюулаас тэр биднийг хамгаалдаг. Харин хиам амттай ч аюултай. Стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн сонгож, зохистой хэрэглэхгүй бол хавдар болон ходоодны өвчлөлийн эрсдэлтэй нүүр тулна. Мэдээж архи, тамхины хортой харьцуулахад үзүүлэх нөлөө, өвчний шалтгаан ялгаатай ч өдөр бүр 50 гр боловсруулсан махан бүтээгдэхүүн хэрэглэхэд хавдрын эрсдэл 18 хувиар нэмэгддэг хэмээн ДЭМБ-ын илтгэлд дурдагдсан байна. Ямартай ч, хадгалах хугацааг нь үйлдвэрийн аргаар уртасгасан, элдэв амт оруулсан, утсан, давсалсан, нэмэлт бодисоор боловсруулсан бүтээгдэхүүн сайн биш гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд сануулж байна. Махыг боловсруулах явцад ашиглаж буй химийн бодис эрүүл мэндэд хортойгоос гадна хамгийн гол нь өндөр температурт болгох үед маханд карсиноген хэмээх хорт хавдар үүсгэгч бий болдог аж.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.