R&B урсгалын хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг болох алдарт дуучин Жэйсон Деруло (Jason Derulo) саяхан Лас Вегас хотын "Aria Resort" амралтын газарт зодоон хийсний улмаас цагдаад саатуулагджээ. Тодруулбал тэрээр тус амралтын газрын шөнийн клубээс гарч явахдаа түүнээр тоглоом хийж, буруу нэрээр дуудсан хоёр эрэгтэй рүү дайрсан байна.
Удалгүй цагдаа нар ирж Жэйсон Дерулог түр саатуулсан боловч баривчлаагүй аж. Учир нь хохирогч хоёр эр түүний эсрэг гомдолгүй болохоо мэдэгджээ. Харин амралтын газраас түүнийг үймээн гаргасан шалтгаанаар хөөсөн байна.
Хэдий нэг хохирогчийн нүүрнээс цус гарсан нь бичлэг дээрээс харагдсан боловч Лас Вегасын цагдаа нар зодооны улмаас хэн нэгэнд гэмтэл учраагүй гэжээ.
Өдөөн хатгаж, тоглоом хийх зорилгоор түүнийг өөр нэг R&B од болох Ашерын нэрээр дуудсан хоёр эр дуучны эсрэг шүүхэд зарга мэдүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
2009 оноос хойш дэлхийн хөгжмийн ертөнцөд томоохон байр суурийг эзлэх болсон Жэйсон Дерулогийн "Wiggle", "Talk Dirty", "Whatcha Say" зэрэг 11 дуу нь 2 саяас дээш хувь зарагдаж, Платинум сингл хэмээх амжилтыг авчирсан билээ. Сүүлийн үед тэрээр кинонд тоглохын зэрэгцээ "ТикТок" сүлжээнд анхаарал хандуулж, 51 сая дагагчтай болоод байгаа юм.
Хувийн амьдралын тухайд тэрээр Жена Фрюмес хэмээх бүсгүйтэй удаан хугацаанд үерхэж, өнгөрсөн оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан ч харамсалтай нь хос хоёр удалгүй салж буйгаа зарласан билээ. Түүний хүү Жэйсон Кинг нь өдгөө 8 сартай аж.
Сэтгэгдэл