СӨҮЛ. /RIA Novosti/. БНАСАУ ямар ангиллынх нь тодорхойгүй пуужин Япон тэнгис рүү харвалаа гэж "Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, цэргийнхэн одоогоор пуужингийн тусгал, нисгэлийн өндөрт дүн шинжилгээ хийж байгаа аж.
Японы Засгийн газраас эш татан NHK сувгаар мэдээлснээр, БНАСАУ баллистик пуужин туршсан байж магадгүй байна. "Kyodo” агентлагийн мэдээлснээр, пуужин Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна унажээ.
Энэ нь БНАСАУ он гарснаас хойш хийсэн пуужингийн хоёр дахь туршилт юм. Тус улс өмнө нь нэгдүгээр сарын 5-нд пуужин харваж, маргааш нь дуунаас хурдан пуужин туршсан гэж мэдээлсэн юм.
Пуужин харвасны дараа НҮБ-д суугаа АНУ болон хэд хэдэн орны байнгын төлөөлөгч нар яриа хэлэлцээ хийхийг БНАСАУ-д уриалсан байна.
"БНАСАУ пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцээ хийх ёстой" гэж АНУ, Албани Их Британи, Ирланд, Франц, Японы төлөөлөгчдийн мэдэгдэлд дурджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл