Засгийн газар энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцээд, 2016 оны хяналт, шалгалттай холбоотой материалыг нууцаас гаргахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтын талаарх 132 хуудас материал албан ёсоор нууцаас гарсан байна.
ТУС МАТЕРИАЛТАЙ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.
Тодотгоход, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2016 онд Монгол Улс эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах үүднээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага үүссэн учраас санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа нууцлах ёстой гэж үзэн, Хөгжлийн банканд шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцад оруулж байсан гэж мэдэгдсэн билээ.
Хөгжлийн банкны анхаарал татсан зээлүүдийн мэдээлэл энэ оны нэгдүгээр сард ил болсонтой зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Энхбаяр нарын зүгээс уг асуудлыг нууцаас гаргах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлж байсан юм.
Дашрамд сануулахад, 2017 оноос хойш Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайлангууд ч мөн нууцад байдаг талаар эдийн засагч Ч.Отгочулуу манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсан.
Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар шинэчлэн гаргаад буй.
Ирэх жилүүдэд эдийн засгийг тэлнэ гэх тодотголтой Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээж буй Хөгжлийн банкны үйл ажиллагааг эрүүлжүүлэхийн тулд чанаргүй болон чанаргүйдэх эрсдэлд орсон зээлүүдийн эздийг олон нийтэд ил болгоод сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм.
Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн мэдээллээ 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд мэдээлсэн. Мөн нийт зээлийн багцын мэдээллээ 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр олон нийтэд мэдээлсэн юм.
Түүнчлэн хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн багцыг шинэчлэн мэдээлэхдээ, 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу хоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 22 хоногийн хугацаанд нийт 39,828,377,135 /гучин есөн тэрбум найман зуун хорин найман сая гурван зуун далан долоон мянга нэг зуун гучин тав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байсан.
Харин сүүлийн буюу гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаарх шинэчилсэн мэдээллээр:
2022 оны нэгдүгээр сарын 20-ноос гуравдугаар сарын 14-ний хооронд нийт 104,420,842,294 /нэг зуун дөрвөн тэрбум дөрвөн зуун хорин сая найман зуун дөчин хоёр мянга хоёр зуун ерөн дөрөв/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 26,218,305,795 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 61,597,484,474 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,605,052,024 төгрөг тус тус төлөгджээ.
Сэтгэгдэл