БНАСАУ лхагва гарагт баллистик пуужин харвасан талаарх мэдээлэл гарч байсан. Үүнтэй холбоотойгоор Японы эрх баригчид БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн талаар Kyodo агентлаг мэдээлжээ.
"БНАСАУ баллистик пуужин хөөргөсөн. Энэ пуужин 800км орчим өндөрт нисэж, 500 км замыг туулан, Японы эдийн засгийн бүсээс гадна унасан. Бид энэ үйл явдалтай холбоотойгоор Бээжин дэх Элчин сайдын яамны шугамаар БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийллээ" хэмээн Японы Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгосын талаас пуужин харвасантай холбоотойгоор мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зорилгоор шуурхай хямралын бүлэг хуралдсан гэнэ. Пуужин хөөргөсний улмаас хохирол учирсан талаарх мэдээлэл гараагүй байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/540147
Сэтгэгдэл