Хүчирхийллийг илрүүлэх “хүчирхийлэл”


Хүчирхийллийг илрүүлэх “хүчирхийлэл”

 

Хүмүүсийн гэр лүү тэдэнд мэдэгдэхгүйгээр гадны хүн ороход тэр хүнд шийтгэл хүлээлгэдэг. Гэтэл бүхэл бүтэн миний бие рүү надаас асуулгүйгээр үзлэг нэрээр халдаж байхад яагаад хэн ч юу ч ярьдаггүй юм бэ…

М, 15 настай

Намайг арван жилд байхад охидын үзлэг хийнэ гээд биднийг үе үе түгшээж, тавгүйтүүлдэг байж билээ. Үүнд охидын үзэл бодол, хүсэл сонирхол огт хамаагүй бөгөөд шалгуулахаас өөр аргагүй. Хэрэв үзүүлэхгүй бол чи "но-той”. Эхлээд бид үзлэгт орохоос ичнэ, дараа нь элдэв цуу ярианаас айна. Учир нь, үзлэгийн дараа ямар нэг цуу яриа сургуулиар нэг тардаг нь бараг л хууль мэт байлаа. Үнэн, худал нь мэдэгдэхгүй тэр ярианд үе тэнгийн хэн нэг найз маань өртөж, энэ нь хичээл зүтгэл, идэвх санаачилгад нь цаашлаад амьдрал ахуйд нь хэрхэн нөлөөлж буйг харсан болохоор үзлэгээс харшилтай, айдастай болсон хэрэг. Гэхдээ охидын үзлэг гээч зүйл ээжийн минь үед ч байсан, одоо ч байсаар. Үе, үеийн охидыг айлгаж, ичээсээр, үргэлжилсээр байна.

Өсвөр насны охидыг хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор үзлэгт хамруулдаг. Нэг ёсондоо нөхөн үржихүйн эрүүл мэндэд нь санаа тавьж байгаа нь энэ. Ингэснээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг илрүүлж тусламж үзүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Он гарсаар ердөө хоёр сарын хугацаанд охидын эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн хэрэг 73 бүртгэгдсэн байна. Үүний 32 нь нийслэлд 41 нь орон нутагт бүртгэгдсэн аж. Энэ бол өмнөх оны мөн үеэс 30.1 хувиар өссөн үзүүлэлт. Хүчирхийлэлд өртсөн охидын дийлэнх нь ураг төрлийн хүчингийн хохирогч болсон харамсалтай мэдээтэй. Охидын эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн хэргийн тоо жилээс жилд ийнхүү нэмэгдэж байгаа учраас яаж ийгээд хэргийг илрүүлж, хохирогчийг хамгаалах нь чухал. Ийм зорилгоор охидын үзлэг зохион байгуулж байгаа санаа нь зөв ч арга нь хүний эрхийн мэдрэмжгүй, хүчирхийллийн шинжтэй, хэт хуучинсаг байна. Охидын үзлэг бол охид эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө системийн ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагийн нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, охидыг сул дорой, биеэ хамгаалах чадваргүй юм шүү гээд эрх бүхий хүмүүс, насанд хүрэгчид нэг гараараа эрхийг нь хамгаалах гээд байгаа юм шиг мөртлөө нөгөө гараараа бэлгийн халдашгүй байдлыг нь уландаа гишгэж байна. Нөгөөтэйгүүр эм хүйс дангаараа дээрх асуудлыг үүсгээд байгаа юм шиг зөвхөн энэ хүйсийг тусгайлан сонгож, хоморголон шалгаж байгаа нь зүйд нийцэхгүй. Охид хувийн нууцтай байх, халдашгүй байх эрхтэй.

Хүчирхийллийг илрүүлэх

"Гүнж” төвийн сайн дурын ажилтан, "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” клубын гишүүн Ц.Анудалай

2020 онд охидын үзлэгт сурагчдаа хамруулж байсан нийслэл, орон нутгийн сургуулиудын 350 гаруй охиныг хамруулан "Охидын дуу хоолой” судалгааг хийж байсан юм. Энэ судалгаагаар охидыг үзлэгт оруулахдаа өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр, тэднээс огт асуулгүйгээр, хичээл орж байхад нь шууд авч гардаг талаар хамгийн их хөндөгдсөн. Ингэхдээ ариун цэврийн шаардлага хангаагүй буюу эмнэлгийн бус орчинд олноор нь оруулж байгаад үздэг гэнэ. Үүнээс гадна үзлэгээс гарсан үр дүн, хувийн нууцыг нь хамгаалж өгдөггүй, үзлэг хийсэн хүмүүс ангийн багштай нь нийлээд ярьчихдаг эсвэл хамт байсан хүүхдүүд нь цуу яриа тараах эх үүсвэр болдог зэрэг сөрөг талтай байдаг. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн дийлэнх нь үзлэгийн дараа угаасаа ямар нэг цуу яриа гардаг гэдэг хариултыг өгсөн бөгөөд, харин цуу яриа гарахгүй байх нь илүү сонин үзэгдэл гэж хариулсан байсан. Ингээд хувийн нууцаа алдлаа гэхэд тухайн хүүхэд хохироод өнгөрнө үү гэхээс багш, эмч нар ямар ч хариуцлага хүлээдэггүй. Иймээс үе тэнгийнхнийхээ дунд ялгаварлан гадуурхалтад өртсөн, нэр хоч зүүсэн, хүрээллээсээ хөндийрсөн хүүхдүүд сургуулиа солих сонголт л хийдэг байна. Түүнчлэн охидын үзлэгийг цаанаас нь шахаж хийж байгаа учраас охид эмчийнхээ хүйсийг ч сонгох боломжгүй байдаг. Хэрэв үзлэгт орж байгаа охин хүчирхийлүүлж байсан бол эрэгтэй эмчээр үзүүлнэ гэдэг цочролыг сэдрээж, улам хүнд байдалд оруулах аюултай.

ДЭМБ-аас охидын үзлэгийг бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдал, нөхөн үржихүйн эрхийг маш ноцтой зөрчиж байгаа хэрэг гэж үзээд НҮБ-ын гишүүн орнуудад зохион байгуулахгүй байх тухай удирдамж, чиглэл өгч байсан. Тэгвэл манай улсад 2021 оны тавдугаар сард сургуулийн орчинд охидын үзлэгийг таслан зогсоох тухай шийдвэрийг БШУЯ-ны Боловсролын газрын дарга гаргасан байдаг. Гэвч орон нутагт тус шийдвэр хэрэгжихгүй, охидын үзлэг улам далд хэлбэрт орсоор байна. Хэдхэн сарын өмнө л гэхэд Хөвсгөл аймгийн сумын сургуулийн модон жорлонд сурагчдыг хувинд шээлгэж, тестээр шалгасан асуудал гарсан. Энэ мэтээр олон аймаг, сумын сургуулиуд хүний эрхийн мэдрэмжгүй арга барилаасаа хэрхэн салах учраа олохгүй л байна.

Хүчирхийллийг илрүүлэх

"Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах

Охидын үзлэг хийж болохгүй, энэ бол хүний эрхийн зөрчил гэдгийг ярих тусам улам далд хэлбэрт орж, аргаа өөрчилсөн байдалтай болж байгаад харамсаж байна. Сүүлд гарсан хоёр тохиолдол гэхэд охидод сургалт явуулна гэдэг нэрийн дор цуглуулаад эмнэлгийн бус орчинд үзлэг хийсэн байгаа юм. Хэдийгээр манай сум, сургуульд энэ асуудал байхгүй гэж холбогдох албан тушаалтнууд нь хэлдэг ч сурагч охид саяхан болсон, бид үзлэгт хамрагдсан гэдэг мэдээллийг өгөөд байгаа. Энэ тухай эрүүл мэнд, боловсролын байгууллагын ажилтнуудад мэдээлэл өгөөд ажиллахаар хүний эрхийн тухай ойлголт, мэдлэг байхгүй байгаа нь харагдаж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс охидын үзлэг зохион байгуулах тухай огт яриагүй гэдэг. Гэтэл эх, хүүхдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд өсвөр насны охидод урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ гэдэг нэг өгүүлбэр байгааг хүмүүс охидын үзлэг хийх ёстой юм байна гэж ашиглаад байгаа юм. Бид яамдуудаас охидыг нь ялгаж, хүсэл сонирхлынх нь эсрэг, хүчээр, зөвшөөрөлгүй үздэгээ бүр болих хэрэгтэй.

Охидын үзлэгийг хориглосон шиг хориглох хэрэгтэй байна. Энэ асуудал дан ганц Боловсролын яаманд эсхүл Эрүүл мэндийн яаманд хамаарах зүйл биш учраас тал талаасаа шийдвэрээ нэгтгэж, нэгдсэн байр сууринд хүрэх цаг болжээ. Олон талд "Өөх ч биш булчирхай ч биш” шийдвэрүүд гаргалаа гээд охидоо хамгаалж чадахгүй гэдгийг бид хангалттай харлаа. Харин охидын үзлэгийн оронд хүний эрхийг эрхэмлэсэн ямар арга барил охидыг хамгаалах вэ гэдэгт анхаарах шаардлага үүслээ. Тэднийг үнэхээр хамгаалмаар байгаа бол өөрсдийнх нь оролцоотойгоор, мэдлэг боловсрол олгож эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд санаачилгаараа хамрагдаж, өөрөө эмчид очиж үзүүлдэг дадал зуршилтай болгох нь чухал юм. Ингэхдээ хүйсээр ялгалгүйгээр хөвгүүдээ боловсруулахаа ч бас мартаж болохгүй.

http://eagle.mn/r/102199

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.