"Хүн тамладаг" гэдгээрээ алдартай шорон руу Навальныйг шилжүүлжээ


"Хүн тамладаг" гэдгээрээ алдартай шорон руу Навальныйг шилжүүлжээ

 

Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг Покров дахь жирийн дэглэмтэй хорих ангиас Владимирск мужийн Мелехово тосгон байх чанга дэглэмтэй хорих газар руу шилжүүлжээ. Энэ талаар Навальныйн өмгөөлөгчөөс авсан мэдээлэлтэйгээр "Медуза" мэдээлсэн байна. 

 

Өмгөөлөгч нь Навальныйтай уулзаж чадсан бөгөөд одоогоор Навальныйг тусгаарлалтад байлгаж байгаа гэнэ. Навальныйг Оросын шүүх луйвар болон шүүхийг үл хүндэтгэсэн гэж буруутган есөн жилийн хорих ял оноосон. Тэрбээр энэ ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх аж.

 

Өөрийг нь Мелехово дахь чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлэхээр зэхэж байгаа талаар Навальный тавдугаар сарын эхээр мэдэгдэж байлаа. "Миний ялын хугацаа хүчин төгөлдөр болоогүй байна. Гэхдээ Мелеховогийн чанга дэглэмтэй хорих газрын алба хаагчдын бичиж байгаагаар надад зориулаад "шорон доторх шорон"-г байгуулж байгаа гэнэ" хэмээн Навальный бичиж байв.

 

"Медуза" сонины бичсэнээр, Мелехово дахь чанга дэглэмтэй хорих газарт хоригдлуудыг тамладаг, хоригдлууд амиа алдсан гэх мэдээлэл олонтаа гардаг гэнэ. Gulagu.net төслийг үндэслэгч Владимир Осечкиний өгүүлснээр Мелохово дахь хорих газар нь "тамлагааны" газар аж. Энд хоригдлуудыг зодож, сүрдүүлж, гутаан доромжилж, бэлгийн хүчирхийлэл үзүүлэх замаар шаардлагатай гэсэн мэдүүлгийг авдаг гэнэ. 

 

 

 

Алексей Навальныйн хэрэг

Алексей Навальный 2020 онд "Новичок" бодисоор хордсоныхоо дараа Германд эмчилгээ хийлгүүлж байгаад, Орос руу 2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр буцан очсон өдрөө нисэх буудлаас баривчлагдсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Москвагийн шүүх түүний "Ив Роше"-ийн хэргээр авсан тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчилсөн. Ингэснээр гэрийн хорионд байсан хугацааг хасаж, Навальный хоёр жил зургаан сарыг шоронд өнгөрүүлэх болсон юм. 

 

2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Навальный өөрийг нь эмчид үзүүлэхгүй байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарласан байна. Түүний хамтран зүтгэгчид болон өмгөөлөгчид нь Навальныйн бие муудсан, шаардлагатай эм тариа оруулахгүй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байлаа. Мөн хорих газрын ажилтнууд хүчээр хооллохыг завдсан гэж Навальный мэдэгдэж байв. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр түүнийг хорих газрын нутаг дэвсгэр дээрх хоригдлуудыг эмчлэх эмнэлэгт шилжүүлсэн гэж мэдэгдсэн ч Навальныйн хамтран зүтгэгчид өөрсдөө холбоо тогтоотлоо үүнд итгэх аргагүй хэмээн мэдэгдэж байлаа. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын дундуур өлсгөлөнгөө зогсоосон юм. 

 

Улмаар Навальныйг хоригдож байх хугацаанд түүнтэй холбоотой хэрэг дахин нэмэгдэж, 2022 оны хоёрдугаар сард дахин шүүх хурал болсон. Энэ шүүх хурлаар Навальныйг луйвар болон шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр есөн жилийн хорих ялаар шийтгэсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/541214

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.