"Little sheep" идээ, цэврүүтэй махаар үйлчилсэн ГОМДЛЫГ шийдээгүй байна


"Little sheep" идээ, цэврүүтэй махаар үйлчилсэн ГОМДЛЫГ шийдээгүй байна

 

"Галлериа Улаанбаатар"-т байрлах Little sheep сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн иргэд мэргэжлийн байгууллагуудад гомдол гаргасан ч энэ асуудал шийдэгдэхгүй байгаа талаар манай сайтад хандан, мэдээлэл өглөө. 

Тус газрын халуун тогооны маханд шар цэврүү шиг зүйл туурсан байсан ч мах таваглахдаа тухайн хэсгийг "нууж" өгсөн байх магадлалтай гэж хохирогч таамаглаж байгаа аж. Бид талуудын байр суурь, холбогдох эх сурвалжуудын тайлбарыг хүргэж байна. 

Иргэн Д:

-Охин маань гадагшаа явах гээд гаргаж өгөх үдэлтийн хоол идэх байсан тул Little sheep рестораныг сонгож очсон. Би тухайн өдөр бараг хоол идээгүй шууд ирсэн болохоор тавагтай махны ихэнхийг идсэний дараа зарим махны хэсэгт идээ шиг зүйл туурсан байсныг харсан. Ингээд гал тогооны хэсэгт очиж, мах тавагладаг ажилтанд хэлэхэд буруугаа хүлээж байгаа ямар ч шинж байгаагүй, шүдээ зуусан маягтай хандсан. Тэр махыг нимгэн зүсэж таваглахдаа идээтэй хэсгийг зүгээр махаар халхалж өрсөн байсан. Яаж ч бодсон нимгэн зүссэн махыг хүний гараар өрж, таваглаж байгаа. Тэгэхээр "идээтэй махыг анзаарсан ч албаар нууж, үйлчлүүлэгчдэд өгдөг юм байна” гэж би хардаж байна. Би тухайн сүлжээ хоолны газрын мууг үзэх гэж ороогүй учраас мах, шөлийг нь анзаараагүй  идсэн.

Тэр махыг буцалгаж, болгож идсэн учраас одоогоор биед айхтар хор нөлөө үзүүлсэн зүйл анзаарагдахгүй байна. Ер нь иймэрхүү зүйлийн хор нөлөө хүний биед шууд илрэхгүй байх. Болсон явдлаас харахад, хүнсний баталгаат байдал Монголд 100 хувь алдагджээ л гэж харамсаж байна. 

Би тухайн үед менежерт болсон зүйлийг тайлбарлаж байх хооронд зөөгч тухайн махыг аваад явсан. Бид араас нь зургийг нь авах гэтэл хаячихсан гээд өгөхгүй байсан. Бид нэлээн хэл ам болж байж зургийг нь авч чадсан.

Little sheep сүлжээ рестораны менежер:

-Бид тэр махаа үйлчилгээнээс татаж, шинжилгээнд өгсөн байгаа. Хариу нь дараа долоо хоногоос гарах байх. Манайд хувийн компани мах нийлүүлдэг. Яг ямар компани нийлүүлдэг талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн махыг удаан хугацаанд харилцаж байгаа нийлүүлэгчээс ирүүлсэн. Энэ тохиолдлоос өөр гомдол гаргасан тохиолдол байхгүй. 

Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 17:00 цагийн орчимд уг үйл явдал болжээ. Тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан ч хариуцаж буй улсын байцаагч нь амралтаа авсан гэдэг шалтгаанаар одоог хүртэл шинжилгээ хийж, иргэний гомдолд бодитойгоор анхаарал хандуулаагүй байна. Харин өнөөдөр (2022.08.01) Мэргэжлийн хяналтын байцаагч гомдол гаргасан иргэнтэй холбогдож, учир байдлыг тодруулсан ч "Тухайн махыг шинжилгээнд хамруулах тухай удирдамж гаргана, үүний дараа шинжилгээнд хамруулах боломжтой" гэсэн хариуг өгчээ.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хамгийн гол зарчим бол иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахад оршдог. Хүнсний аюулгүй байдал алдагдсан талаарх гомдол ирсэн байхад дөрвөн өдрийн дараа ажлаа эхлүүлж байгаа нь өнөөгийн төрийн байгууллагын шат шатны ажилдаа эзэн болдоггүйн бодит жишээ гэлтэй.  

Мал эмнэлгийн ерөнхий газраас иймэрхүү идээ, цэврүүтэй махыг хүн хүнсэндээ хэрэглэвэл ямар сөрөг нөлөөтэй талаар тодруулахад, "Мэргэжлийн эмч нар малын вакцинжуулалтын дараа ийм цэврүү шиг зүйл үүсдэг гэдэгтэй санал нэгддэг. Уг мах нь хүний биед хор нөлөө үзүүлэхгүй ч хэрэглээнд нэвтрүүлэхийг хориглодог. Малыг вакцинжуулснаас 18 хоногийн дараа хүнсний хэрэглээнд нэвтрүүлэх заалттай" гэсэн тайлбар өгч байна.  
 

 

 

https://news.zindaa.mn/4a3l


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.