УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсвийн тодотголтой холбоотой асуудлаар өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Засгийн газраас өргөн барьсан төсөвт тодотгол хийх тогтоолын төсөлтэй танилцлаа. Энэхүү тогтоолтой санал нийлэхгүй асуудал их байна. МАХН-ын мөрийн хөтөлбөртэй ч уялдахгүй байгаа. Тиймээс энэ тодотголыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх гэсэн юм.
Мөн Төрийн өмчийн компанийн захирлууд өндөр цалин авдаг гэсэн мэдээл байна. Тиймээс тодорхой хувиар цалингаас нь танана гэсэн бодлогыг дэмжиж байгаа. Гэвч Төрд ажиллаж байгаа ямар ч албан тушаалтан цалингаасаа хасуулах дургүй л дээ. Миний хувьд нэг сая 200 мянган төгрөгийн цалин авч амьдралаа залгуулдаг. Энэ цалингаа хасуулчихвал миний хүүхдүүд юу идэж амьдрах юм. Цалин бол тэр хүний амьжиргааны эх үүсвэр байдаг.
Цалин хас ч байхаар нэг аймагт зургаан ширхэг соёлын төв барих үрэлгэн зардлыг танамаар байна. Мөн дэд сайд хөтөлбөрийг болиулах хэрэгтэй. Дэд сайдын туслах, жолооч зөвлөх, томилолтын зардал гэх мэт маш олон зарлага гарна. Тиймээс дэд сайдуудаа авчих хэрэгтэй юм байгаам.
Харин архи, тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлыг буруу гэж харахгүй байна. Гэхдээ хуурамч архины худалдаанд хяналт тавьж чадна гэж хэлэхэд хэцүү. Мөн хувь хүний орлогын албан татварыг нэмж байгаа нь буруу бодлого. Өмнө нь МАН татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Тэгж ярьж байсан хүмүүсийн 20 нь одоогийн парламентад байдаг атал МАН-ын ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд гарч ирээд сонгуульд зарцуулсан зардлаа нөхөх гэж байгаа мэт ийм ажил хийвэл бүтэхгүй гэж онцоллоо.
Сэтгэгдэл