» » Хангай хүүг дараагийн Хадбаатар, Цогтбаатар хүүг дараагийн Түвшинбаяр болгочих вий

Хангай хүүг дараагийн Хадбаатар, Цогтбаатар хүүг дараагийн Түвшинбаяр болгочих вий


Хангай хүүг дараагийн Хадбаатар, Цогтбаатар хүүг дараагийн Түвшинбаяр болгочих вий

 

Монголчууд бөх шүтдэг ард түмэн. Бөхөөр амьсгалж, бөхөөр давлагаалж, бөхийн үүх түүхийг хэдэн өдөр ч ярьж чадна. Домог мэт яригддаг үндэсний бөхийн ханагар сайхан аварга, арслангуудаас эхлээд өнөөдөр барилдаж байгаа бөхчүүдээ ч бид дээдэлж хүндэлсээр байгаа. Харин энэ үзэл, ийм хандлага сүүлдээ хэтийдэн хавтгайрч, амжилт гаргасан бүхнийг амьдралгүй болгож байгааг анзаарч анхаарсан нь хэд бол.

Өнөө жил Оргихын Хангай гэдэг бөх хавтай сайхан барилдан улсын баяр наадамд түрүүлсэн. Олны хайр хүндэтгэл, хишиг буян түүнийг тойрон эргэлдэж байна. Наадмаас хойш багагүй цаг хугацаа өнгөрсөн ч Хангай хүү хөл нь газар хүрэхгүй шахам урилга заллагад дарагдаастай харагдах юм. Хаана л баяр наадам, сүрхий дориун арга хэмжээ болно шар магнаг дээлтэй тэрбээр хутагт хувилгаад аятай инээд алдан заларч явна. Тэр одоодоо бол жаргалтай сайхан явна. Хүндлэл хайранд өлгийдүүлж, хөл нь шороогүй яваа. Гэхдээ нэг юмыг мартах ёсгүй. Энэ их хүндлэл бол түүнийг сайн барилдлаа гэж, сайхан бөх боллоо гэж, олон түмнээ уран барилдаанаараа баясгаж цэнгүүллээ гэж ирж байгаа юм. Хөлсөө урсган хөдөлмөрлөж, бусдаас илүү чадварлаг байсных нь төлөөх шагнал юм. Түүнээс биш Хангай шиг бие хаатай, нүүрний баясалтай, илүү боловсролтой залуус бишгүй бий.

Өнөөдөр түүнээс илүү алдартангүй мэт сэтгэн урилга заллагад дарагдан яваа О.Хангай аварга та шар магнаг дээлээ тайлан, бэлтгэлийн хувцсаа өмсөн, биеийн тамирын зааландаа очно уу даа. Хөлс хүчээ урсган дасгал сургуулилтаа хий. Хүн хэлэхгүй бол санадаггүй гэдэг. Олны хэтийдсэн ийм хайр энгийн даруу хэнийг ч орчлонгийн оройд гарсан мэт хийрхэлд хүргэдэг талтай. Та шилдэг нь болж түрүүлсэн, шагнал, хайр халамжийг хангалттай авсан, одоо зүгээр л дараагийн ажлаа хий.

Монгол бөхөд Дагвацэрэнгийн Хадбаатар гэж сайхан аварга байв. Монголчууд түүнд хачин их хайртай байсан, өдгөө ч хайрлан дурссаар. Гэхдээ түүний ир бяртай ид гялалзаж явах насанд энэ л хөлгүй их хүндэтгэл дагасан найр наадам, архи дарс буруу зам руу хөтөлсөн түүхтэй. Наадамд хэд л бол хэд түрүүлэх ид залуу насныхаа 10-аад жилийг төмөр торны цаана өнгөрөөсөн гунигт тавилан түүнийх билээ.

Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Цэнд-Очирын Цогтбаатар жүдо бөхийн дэлхийн аварга боллоо. Бахархам сайхан явдал. Монгол Улсынхаа нэрийг жүдогийн Дагвацэрэн ертөнцөд дуурсгаж чадсан түүний амжилтад бүгд л баярлаж байна. Гэхдээ өнөө л бидний хэтийдсэн их хайр уг хүний мөн чанарыг эвдэх вий гэхээс эмээж эхэллээ. Ц.Цогтбаатарын унаж, боссон бүхий л үүх түүхийг уйлж дуулан ярьж, түүнгүйгээр амьдарч чадах билүү гэж бодогтол магтаж байна.

Олимпийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан Найдангийн Түвшинбаяраар амьсгалж байсан 2008 оны зун сайхан байсаан. Дараа нь тэрбээр Лондонгийн олимпоос мөнгөн медальтай ирсэн. Олимпийн алт, мөнгөн медальт, Дэлхийн аваргын хошой хүрэл, Ази тивийн аварга Н.Түвшинбаярт Монголын төр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин гээд хамаг дээд шагналаа барьж, албан тушаал өгсөн. Бүр УИХ-д хүртэл нэрийг нь дэвшүүлж байв. Ард түмэн өнгөтэй өөдтэйгөө барьж алган дээрээ бөмбөрүүлж эрхлүүлсэн. Энэ бүхэн түүний мөн чанар, хүн чанарыг бага багаар элээж алга болгосныг өнөөдөр бид харамсан харж байна. Хүндлэл хайр гэдэг зүйл хэм хэмжээндээ байх ёстой. Хүндэлж бахархаж байна гэж магтсаар байгаад өнөө хүнээ хэн ч биш болгодог хачин зулгуйдлаа нийтээрээ болих хэрэгтэй. Алдар цуутай болж мандаж яваа залуусыг зулгадан магтахын оронд ах захаа мэдэж, хэм хэмжээнээсээ давж болохгүй гэдгийг ойр байдаг аав ээж, багш нар нь, найз нөхөд, ах дүү, амраг садан нь байнга хэлж ярьж байгууштай. Тэгэхгүй бол бидний асар их магтаал сайшаал тэднийг үүлэн дээр хүртэл хөөргөн сэвж гаргачихаад, огт тулгуургүйгээр тэнд нь орхиж байна. Өндрөөс хүн илүү чанга унадаг.

Удахгүй УИХ-ын сонгууль болно. Өнөө л хөөргөн дэмжигчид нь О.Хангай, Ц.Цогтбаатар нарыг УИХ-д нэр дэвшүүлээд гүйж явахыг үгүйсгэхгүй. "Та бол Монголын баатар, таныг хүн бүр мэднэ, бүгд танд саналаа өгнө... энэ тэр” гээд яаж дэвэргэж хөөргөж байгаад дэвшүүлэхээ тэд бас мэднэ. Ийм л эргүүлэгт залуус маань битгий орчихоосой, өнгө мөнгөний энэ их хөөсрөлд хөөрөлгүйхэн шиг энгийн сайхан амьдраасай гэсэндээ үүнийг бичлээ.

Хангай хүүг дараагийн Хадбаатар, Цогтбаатар хүүг дараагийн Түвшинбаяр болгочих вий дээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.