Өчигдөр /2022.12.21/ оройноос эхлэн "жагсагчдыг ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн нь тогтоогдсон. Тэднийг санхүүжүүлсэн мөнгөн дүн 2 тэрбум төгрөгөөр яригдаж байна. Уг санхүүжилтыг гардан гүйцэтгэсэн Э гэх эмэгтэй нь өдгөө АПУ компанид ажилладаг. Тэрбээр жүжигчин У.Цогтбаярын эхнэрийн эгч” гэх мэдээллүүд гарсан. Мөн "нүцгэлсэн 30 залуу санхүүжилт авч нүцгэлснээ мэдүүлжээ” гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсээр байна.
Тэгвэл энэ асуудлаар бид хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг төрийн, хууль хяналтын байгууллагуудаас тодруулахад бүгд "үгүйсгэсэн” мэдээллийг өгч байна.
Тухайлбал, Дэнжийн-1000 дахь Албадан саатуулах байранд хүргэгдэж, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн 30 иргэний хэнийх нь ч мэдүүлэгт "хэн нэгнээс санхүүжилт авсан” талаарх мэдүүлэг байхгүй аж. Мөн Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт "жагсаал санхүүжүүлсэн” гэх агуулгаар шалгагдаж байгаа хэрэг байхгүй гэсэн мэдээллийг тухайн байгууллагуудаас өгч байна.
"Жагсаал цуглаан санхүүжүүлэх” нь хуульд зааснаар "төрийн эрхийг хууль бусаар авах” гэмт хэрэгт хамрах бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг хуульд заасан харъяаллаар ТЕГ-т шалгах бөгөөд ТЕГ-ын зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн хэвээр байна.
Тэгэхээр чухам ямар зорилгоор дээрх мэдээлэл гараад буй, эсвэл дээрх мэдээлэл үнэн бол чиг үүргийн байгууллагууд мэдээллээ нууцалж байгаа үйлдэл болж таарах нь.
https://tsahiur.mn/n/s/12471
Сэтгэгдэл