ИХ ТЭНГЭРИЙН АМНААС АЛГА БОЛСОН 21 УРАН ЗУРАГНЫ НЭГИЙГ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЭХНЭРИЙН ДҮҮ Х.БОЛДБААТАРЫН ХУВИЙН ГАЛЕРЕЙГААС ОЛЖЭЭ


ИХ ТЭНГЭРИЙН АМНААС АЛГА БОЛСОН 21 УРАН ЗУРАГНЫ НЭГИЙГ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЭХНЭРИЙН ДҮҮ Х.БОЛДБААТАРЫН ХУВИЙН ГАЛЕРЕЙГААС ОЛЖЭЭ

 

ИХ ТЭНГЭРИЙН АМНААС АЛГА БОЛСОН 21 ЗУРГИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ХААЖЭЭ

           Монголын уран зургийн галерей сор болсон зураачдынхаа үнэт өвийг хулгайд алдаад олж авч чадсангүй. Монголын хууль хяналтын байгууллагынхан 2008 онд Их тэнгэрийн амнаас алга болж, солигдсон гэх 21 зурагны хэргийг хоёр жил мөрдөөд, хулгайчийг барьж чадсангүй.

1986 онд Их тэнгэрийн амны цогцолбор руу илгээсэн 40 уран зургийн 21 нь ор сураггүй алга болж, хуулбар нь хадгалагдан үлдээд 14 жил өнгөрчээ. Их тооллого буюу 2008 онд Их тэнгэрт хадгалагдаж байсан 40 зурагт хяналт, шалгалт хийхэд нь 21 зураг нь солигдож, алга болсон гэх хэрэг үүсэж, өнөөдрийг хүртэл шалгасан ч үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь хэргийг хааж, хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан байна.

Тодруулбал:

БШУЯ-ны нэгэн мэргэжилтэн Их тэнгэрийн амнаас алга болсон зургуудын тухай ингэж мэдүүлэг өгч байжээ.

БШУЯ-НЫ МЭРГЭЖИЛТЭН: ИХ ТЭНГЭРИЙН АМНААС 21 ЗУРАГ АЛГА БОЛСНЫГ АЖЛЫН ХЭСЭГ МЭДЭЖ, ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙХАД ГАЛЕРЕЙН ДАРГЫГ ГЭНЭТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН

            "...Монголын дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаад 1991 онд манай байгууллага байгуулагдаад Дүрслэх уралгийн музейд байсан 1921 оноос хойшхи бүтээлүүд манай байгууллагад шилжин ирсэн байдаг. Архивын материалуудыг үзэхэд манай байгууллагын өмнөх удирдлагууд 1986 онд хүлээлгэн өгсөн Хайдав гэж хүний жагсаалтад дурдагдсан 40 ширхэг уран зургийг улсын тооллогод хамруулах, сэргээн засварлуулах хүсэлтүүдийг тухайн үед Их тэнгэр цогцолборт хүргүүлж байсан байдаг. Уран зургийн галерейн дарга А.Янживын үед гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч Их тэнгэр цогцолборт жагсаалтад дурдагдсан 40 бүтээлүүдэд тооллого хийсэн байдаг. Шалгалтын явцад 40 ширхэг уран зургийн бүтээлээс 21 ширхэг уран зургийн бүтээл дутсан. Ингээд ажлын хэсэг хуралдаж "21 ширхэг уран зураг дутлаа, дахин байгууллагынхаа архив, холбогдох бичиг баримтыг шалгаж үзье” түр завсарлаад байж байхад А.Янжив захирал ажлаасаа чөлөөлөгдөөд шалгалтын явцад дутсан 21 ширхэг уран зургийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Түүнээс хойш гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг хуралдаагүй дүгнэлт гараагүй байгаа. Өмнө нь манай байгууллагаас 1986 онд шилжүүлж өгсөн 40 ширхэг уран зургийг тоолж өгсөн талаар мэдэхгүй байна. Н.Энхцэцэг захирлын үед буюу 2007-2008 оны Улсын тооллогоор Их тэнгэр цогцолборт тооллого хийсэн ажлын хэсэг өөр 34 ширхэг уран зураг тоолж ирээд үүнээс Хайдав гэдэг хүний жагсаалтад дурдагдсан 40 зурагнаас нэг ширхэг "Жаахан Шаргын нутаг” гэсэн бүтээл тоологдсон байсан. Н.Энхцэцэг захирлын үед байсан ажлын хэсэг яагаад өөр 33 ширхэг уран зураг тоолоод ирсэн талаар мэдэхгүй байна. Энэ цагаас хойш Н.Энхцэцэг захирлын үеийн тоолсон 34 ширхэг уран зургийн дараа, дараагийн ажлын хэсэг тоолоод яваад байсан. Ингээд 2018 онд ажлын хүний сейфнээс Дүрслэх урлагийн музейн даамал Хайдав гэдэг хүний Их тэнгэр цогцолборт хүлээлгэн өгсөн зургийн жагсаалт гараад ирсэн. 40 ширхэг зураг дээр байсан шифр дугаар нь тухайн үед Дүрслэх урлагийн музейгээс тавьсан дугаар байгаа юм. Зургууд нь биет байдлаараа байж үнэлгээний комисс зах зээлийн үнийн ханшийг тогтоох боломжтой” гэж мэдүүлжээ.

УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙН ЗАХИРАЛ АСАН А.ЯНЖИВ: ИХ ТЭНГЭРИЙН АМНААС 21 ЗУРАГ АЛГА БОЛСНЫГ АЖЛЫН ХЭСЭГ ТОГТООСОН

       

  Харин Монголын уран зургийн галерейн захирал асан А.Янжив хэлэхдээ "Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж уг ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газраас гурван хүн, Төрийн тусгай хамгаалалтын газраас гурван хүн, манай байгууллагаас гурван хүн нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Төрийн Тусгай хамгаалалтын газрын харьяа нэгжүүдийн уран зурагт хяналтын тооллого хийсэн. Гэтэл дүрслэх урлагийн музейн даамал Хайдав багшийн Их тэнгэр цогцолборт байршуулж, хүлээлгэж өгсөн жагсаалтад дурдагдсан 40 ширхэг зургаас хоёр зураг Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт байсан. Нэг зураг буюу "Жаахан шаргын нутаг” гэдэг зураг нь өмнөх тооллогын бүртгэл болон Хайдав багшийн бүртгэлтэй давхцаад таарч байсан. Ингээд үлдсэн 37 ширхэг зургаас гурван байгууллагын хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар 16 ширхэг зураг нь байсан. Харин 21 ширхэг зураг хяналтын тооллогоор олдоогүй. Ингээд тухайн тайлангийн танилцуулгыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд хүргүүлсэн. Би дутсан 21 ширхэг зургийг хэзээ ч харж байгаагүй учраас танихгүй” гэсэн байна.

          Харин гэрч Л.Даваасамбуу "... Намайг Их тэнгэр цогцолборт ажиллаж байх үед жилийн эцсийн тооллогоор гадны байгууллагын хөрөнгүүд байсан. Тухайлбал, Дүрслэх урлагийн музейн данстай уран зургууд Их тэнгэрийн 54, 24 зэрэн байруудын зочин хүлээж авдаг хүлээлгийн танхим, хоолны заал, амралтын заал зэрэгт өлгөсөн байдаг байсан. Эдгээр хөрөнгүүд гадны байгууллагынх учир Их тэнгэрийн данс бүртгэлд тусгагдаагүй, харин уран зураг бол Монголын алдартай зураачдын үндсэн эх бүтээл учир дүрслэх урлагийн музейгээс дансаар шилжүүлдэггүй байсан” гэжээ.

БШУЯ УРАН ЗУРАГ ХУЛГАЙД АЛДАГДСАН ХЭРГИЙГ ХААЛГАХЫГ ХҮСЭЖ, ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН АЛГА БОЛСОН 21 ЗУРАГ ИХ ТЭНГЭРИЙН АМНЫ ЦОГЦОЛБОРТ БАЙСНЫГ ТОГТООЖ ЧАДАЛГҮЙ ХЭРГИЙГ ХААЖЭЭ

Хамгийн сонин нь, улсын хөрөнгийг олж авахаар өргөдөл гаргаж, хохирогчоор мэдүүлэг өгсөн БШУЯ-ын мэргэжилтэн өргөдлөө татаж, гомдолгүй гэж хэлсэн учир уг хэргийг хааж, хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, тэрбээр "Манай байгууллагын зүгээс шалгагдаж байгаа хэргээ хаалгах хүсэлтэй байна. Хэргийг хаахад байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэж хэлжээ. Эцэст нь, хууль хяналтын байгууллагынхан Монголын сор болсон бүтээлүүд Их тэнгэрийн аманд хадгалагдаж байсан эсэхийг тогтоож чадаагүй учир хэргийг хаасан байна. Уг хэргийн хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэдхэн хоногийн өмнө Монгол уран зургийн галерейн удирдлагад хүргүүлжээ.

БАРИМТ: ИХ ТЭНГЭРИЙН АМНААС СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 21 ЗУРАГ

         2008 онд Их тэнгэрийн амнаас алга болсон гэх 21 зургийг танилцуулъя. Уг алга болсон 21 зургийг хэн гэдэг зураач, хэдэн онд, ямар материалаар, ямар хэмжээтэй зурсан бэ.

1. Зураач н.Очирбатын 1974 онд тос, зотон материалаар 45х150 см хэмжээтэй зурсан "Отроор” зураг

2. Зураач С.Рэнцэнгийн 1974 онд тос, зотон материалаар 60х90 см хэмжээтэй зурсан "Бойр нуурын загасчид” зураг

3. Зураач Г.Цэрэндондогийн  1976 онд тос, зотон материалаар 54х121 см хэмжээтэй зурсан "Говь” зураг

4. Зураач Н.Цүлтэмийн 1967 онд тос, зотон материалаар 90х97 см хэмжээтэй зурсан "Орог нуур” зураг

5. Зураач Б.Гомбосүрэнгийн 1958 онд тос, зотон материалаар 70х130 см хэмжээтэй зурсан "Хөвсгөл нуур” зураг

6. Зураач П.Цогзолын 1983 онд тос, зотон материалаар 58х77 см хэмжээтэй зурсан "Хан Богдын Хайлаас” зураг

7. Зураач М.Цэмбэлдоржийн 1980 онд тос, зотон материалаар 50х90 см хэмжээтэй зурсан "Сэргэлэн хонгор” зураг

8. Зураач Г.Одонгийн 1962 онд тос, зотон материалаар 100х160 см хэмжээтэй зурсан "Ерөө гол” зураг

9. Зураач М.Цэмбэлдорж  1971 онд тос, зотон материалаар 10х10 см хэмжээтэй зурсан "Хавар” зураг

10. Зураач М.Цэмбэлдорж 1965 онд тос, зотон материалаар 65х35 см хэмжээтэй зурсан "Говийн үдэш” зураг

11. Зураач С.Нацагдорж 1960 он тос, зотон материалаар 65х35 см хэмжээтэй зурсан "Бугуйлч” зураг

12. М.Цэмбэлдорж 1951 он тос, зотон материалаар 30х60 см хэмжээтэй зурсан "Хот айл” зураг

13.  Б.Санжид  1978 он тос, зотон материалаар 75х123 см хэмжээтэй зурсан "Угалз босохын өмнө” зураг

14. Ш.Чулуудай 1975 он тос, зотон материалаар 35х60 см хэмжээтэй зурсан "Затмангийн говь” зураг

15.  Л.Бат-Өлзий 1979 он тос, зотон материалаар 50х30 см хэмжээтэй зурсан "Морьтонгууд” зураг

16. Зураач Г.Цэрэндондог 1981 онд тос, зотон материалаар 120х180 см хэмжээтэй зурсан "Асгатын байгаль” зураг

17. Зураач Довчиндаваа 1982 онд тос, зотон материалаар 60х80 см хэмжээтэй зурсан "Борзон зэрэглээний говь” зураг

18. Зураач Содномцэрэн 1982 онд тос, зотон материалаар 96х122 см хэмжээтэй зурсан "Нутгийн уянга” зураг

19. Зураач М.Цэмбэлдорж 1982 онд тос, зотон материалаар 45х200 см хэмжээтэй зурсан "Хяргас нуур” зураг

20. Зураач М.Амгалан 1976 онд тос, зотон материалаар 43х51.5 см хэмжээтэй зурсан "Говь” зураг

21. Зураач Г.Одон тос, зотон материалаар зурсан "Уран сайханчид” зураг

Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа: ИХ ТЭНГЭРИЙН АМНААС АЛГА БОЛСОН ЗУРААЧ С.НАЦАГДОРЖИЙН "БУГУЙЛЧ” ЗУРГИЙГ ОЛСОН

         

           Эдгээр зураг 2008 оны шалгалтаар солигдож, байхгүй болсон гэдэг нь тогтоогдсон. Гэвч цагдаагийн байгууллага уг зурагнуудыг хэн авсан, хааш нь шилжүүлсэн гэдгийг тогтоож чадсангүй.

Хамгийн ноцтой нь, дээрх алга болсон 21 зурагны нэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүү, "Болд” группийн ерөнхийлөгч Х.Болдбаатарын хувийн галерей болох "Нью фолдер арт” ХХК-ийн уран зураг хадгалах зориулалттай өрөөнөөс олджээ. Тодруулбал, зураач С.Нацагдоржийн "Бугуйлч” гэх зураг нь Х.Болдбаатарын галерейгаас олдсон гэнэ. Уг зургийг зураач С.Нацагдорж нь 1960 онд тос, зотон материалаар 60х90 см-ийн хэмжээтэй зурж, улсын сан хөмрөгт хадгалуулсан байжээ.

Хууль хяналтын байгууллагынхан хулгайд алдагдсан зурагнуудын эрэлд гарч, шалгалтын ажиллагаа явуулж байхдаа адил төстэй 10 зургийг олсон байна. Ингэхдээ уг 10 зургийг Ерөнхийлөгч асан Ц.Элбогдоржийн хадам дүү Х.Болдбаатарын хувийн архиваас олжээ. Ингээд холбогдох албаныханд хүлээлгэн өгч, зураг таниулах ажиллагаа хийгдсэн байна. БШУЯ-ынхан 10 зурагнаас нэгийг нь авч үлдээд, үлдсэн есийг нь Х.Болдбаатарт буцаан өгчээ. Учир нь, ганцхан зураг нь Уран зургийн галерейн сангийн бүтээл болох нь серийн дугаараараа нотлогдож, буцаан авчээ.

Энэ талаар Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяагаас тодруулахад "Их тэнгэрийн амнаас алга болсон 21 зурагны нэгийг нь олсон нь үнэн. Зураач С.Нацагдоржийн "Бугуйлч” зургийг Х.Болдбаатар гэж хүний хувийн архиваас олсон. Соёлын яам өөрийн үнэт бүтээлээ авч, сан хөмрөгтөө залсан байгаа” гэлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЭХНЭРИЙН ДҮҮ Х.БОЛДБААТАР:  МӨРДӨН БАЙЦААЛТАД БАЙГАА ХЭРГИЙН ТАЛААР ЯРИВАЛ ШОРОНД ОРНО ШҮҮ ДЭЭ

        Бид Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын хувийн галерейд улсын сан хөмрөгийн серийн дугаартай зураг байсныг тодруулахаар түүнтэй холбогдлоо. Тэрбээр "Энэ асуудал аль дээрээс яригдаж байгаа. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтад байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэв би энэ талаар ярих юм бол шоронд орно шүү дээ” гэлээ.

         ...Монголын Уран зургийн галерей их танхимын хойморт Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Очирын Цэвэгжавын 1958 онд зурсан "Азарганы ноцолдоон” зураг байрлах ажээ. Харин уг зургийг тольдож зогсоо гурван эрхэм бол нэрт зураач О.Цэвэгжавын гарын шавь Н.Орхон, Н.Дагвадорж нар.

Төрийн шагналт зураач Н.Орхон нар "Азарганы ноцолдоон" зургийг хуурамч гэв. Монголын Уран зургийн галерей. 2022.11.17-ны 12:00 цаг 

Төрийн шагналт зураач Н.Орхон хоёр найзыгаа нударч, толгойгоо сэгсрээд "Багшийн зураг энэ биш. Та хоёр хардаа, дундаа яг ийм залгаатай байсан, байхгүй болчихсон байгаа биз дээ. Энэ зураг хуулбар нь гэдгийг би баттай хэлж чадна. Харин Монголын Уран зургийн галерейн дарга Б.Сарантуяа "Энийг ярих аюултай” гээд чихэнд шивнээд байх юм. Хэдүүлээ одоо дуугарах цаг нь шүү” гэв...

Үргэлжлэл бий...

https://ergelt.mn/news/59/single/27431

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.