Л.Оюун-Эрдэнэ “нохойтоод” байна уу?!


Л.Оюун-Эрдэнэ “нохойтоод” байна уу?!

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаа ойлгомжгүй болж эхэллээ. Үг, үйлдлүүд нь оньсого таалгах мэт л болж байна. Сүүлдээ “...Ингэхэд түүний олон жил ярьсан авлигын эсрэг тэмцэл, шударга ёсны төлөөх үйл ажиллагаа нь үнэн юм уу, зүгээр л улс төр байсан юм биш үү” гэж асуухад ч хүргэж байх юм. 
Уг нь Л.Оюун-Эрдэнэ 2016 онд УИХ-ын гишүүн болчихоод хэдхэн сарын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа л “...Баян ядуугийн маш том ялгаа үүсчихлээ. Дундаж давхаргаа дэмжих тогтолцоогүй байсан нь манай ардчиллын хамгийн том алдаа. Ирэх жилүүдэд энэ байдлыг засахгүй бол ардчилал гэж хоосон цээжээ дэлдээд явахгүй нь.
Яамд тендер зарлахад чи хэзээ ч авахгүй. Эзэн нь бэлэн учраас. Энэ системийг задлах үеийг “...Трестүүдийн үе” гэдэг. Нам дамнасан, авлигажсан бүлэглэлийг задлахад олон нийтийн хүчтэй хяналт хэрэгтэй. ...Би хууль тогтоогчийн хувьд авлигыг үл тэвчих, нийгмийн сэтгэл зүйг дэмжинэ. Олон нийтийн заавал мэдэх ёстой баримтуудыг Засгийн газрын нууцаас гаргах чиглэлээр ажиллана” гэж байв. 
Авлигын эсрэг, шударга ёсны төлөөх “үг”-нүүдийг гишүүн болоод л ярьж эхэлсэн гэсэн үг. Түүнээс хойш ийм агуулга, санааг байнга ярьж ирсэн. Тэр хэрээрээ л албан тушаалын карьераа тасралтгүй ахиулсан. ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд гээд өгссөн. Харин тэгэх зууртаа тушаалынхаа эрх хэмжээг хуулийн дагуу нэмж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Л.Оюун-Эрдэнэ шиг бяртай Ерөнхий сайд өнгөрсөн 33 жилд байгаагүй юм. 
Тэрбээр авлигын эсрэг, шударга ёсны төлөөх тэмцлээ өнөөдөр ч ярьсаар л байна. Бас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг гэмт үйлдлүүд дээр хууль, шүүхийнхэн хөдлөөд эхэлсэн. 2022 оны сүүлчээр Эрүүгийн хуульд хэд хэдэн өөрчлөлтийг оруулж, авлига албан тушаалын хэрэгтнүүд ял завшдаг байдлыг халсан. Уг хуульд Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан. Энэ долоо хоногт Төрийн мэдээлэлд хэвлэгдвэл авлигын хэрэг хатуу чанга хуулиар шийдэгдэж эхэлнэ.  Мөн Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 1-нээс өмнө төрийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй хүмүүсийг ажлаа сайн дураараа өгөхийг уриалсан. 
Эдгээрээс нь, “...Ярьснаа хийж байна уу даа” гэж харж байв. Гэвч дээр хэлсэнчлэн сүүлийн үеийн үг, үйлдлүүд нь  “...Энэ хүнд ер нь өөрөө гаргаж ирсэн нүүрсний хулгайг шийдэх чин хүсэл байгаа юм уу” гэмээр ч болоодохлоо. Өөрөөр хэлбэл, түүний шийдлүүд маш их зөрчилтэй болж байна. 
Хамгийн сүүлд, хэдхэн хоногийн өмнө болсон сайд нарын сэлгээг хамгийн түрүүнд ярих хэрэгтэй. Дөрвөн сайд сольсон. Нэг нь дотроо сэлгэж, гурав нь шинээр орж ирэв. Тэд үндсэндээ Л.Оюун-Эрдэнийг ил цагаан шүүмжлэгчид юм. Гэтэл уриад засагтаа оруулчихлаа. Өнгөрсөн 30 гаруй жилд засаг тэргүүлсэн хүмүүс эсрэг байр суурьтай нөхдүүдийг хэзээ ч танхимдаа урьж байгаагүй юм л даа. МАН-ынх ч, АН-ынх ч ялгаагүй. Ялангуяа Үндсэн хууль ярьж, нүүрсний хулгайг “шүүж” буй ийм цаг үед “сандал”-аараа оролдсон томилгоо хийсэнд гайхах хүн олон байна. Улс төрийн хүрээнийхэн илүү гайхаж харагдана лээ.
Ерөнхийдөө саяын сэлгээгээр анх дөрвөн “давхар дээл”-тэй сайдтай байсан засаг нь дөрөвхөн “дан дээл”-тэй сайдтай болж хувирлаа. “Дан дээл”-тэй сайдаар БОАЖ-ын Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны Б.Батцэцэг, Соёлын Ч.Номин, Батлан хамгаалахын Г.Сайханбаяр нар үлдэв. Магадгүй, Л.Оюун-Эрдэнэд “хэрэгцээ” гарвал хэзээ ч хамаагүй энэ дөрвөн суудлыг “давхарлаж” мэдэх л юм. 
Дараагийн ярих ёстой зөрчил нь нүүрсний хулгай байгаа юм. Нүүрсний хулгайг засаг, тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ өөрөө гаргаж ирсэн. АТГ, ЦЕГ, ТЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас хүч нэмэгдүүлсэн бүрэлдэхүүнээр хяналт тавьж ажиллаж байна. Олон хүнийг хорьж шалгаж байна. Тэдний амнаас олон ч хүний нэр “унаж” байгаа бололтой. Гол нь нүүрсний хулгайтай холбоотой байж хүмүүс намд нь ч, засагт нь ч дуулдаад удлаа. Ийм нөхцөлд “...Тэмцэнэ” гэдэг эргэлзээтэй л юм.  Нүүрсний хулгай ийм атал засгийн сэлгээг УИХ-д танилцуулах үеэрээ баахан хэрэг нэмээд сөхөв.
 
Тэрбээр “...Удахгүй Засгийн газар шийдвэр гаргаж, авлигаар хөлжсөн хэт өндөр хэрэглээтэй төрийн албан хаагчдадаа хяналт тавьж эхэлнэ. Нийтэд зарлана. Ялангуяа газартай холбоотой асуудлыг ил болгож, цахимжуулна. Нүүрсний дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарна. Намайг сонсож байгаа тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй шүү. Байгаль орчны яамны газар зардаг нөхдүүд, үүний ард байдаг улстөрчдийн нэрсийг зарлаж магадгүй. Ингээд манай бусад асуудлууд цэгцэрнэ. Монголбанкны газрын дарга нарт хандахад ББСБ-аа одоо болих хэрэгтэй. Үүнийг одоо цэгцэлнэ” гэж ярив. Ингэж ярьсны шөнө нь Төмөр замын нэг албан тушаалтан баривчлагдав. Үүгээр жишвэл дараагийнх нь Монголбанк, БОАЖЯ-ныхан болохоор байгаа юм.
Тодруулбал, Монголбанкны ББСБ-тай нөхдүүд, БОАЖЯ-ны газар “зохицуулдаг”, хушны самрын бизнест хутгалдсан хүмүүс дээр мөрдөх байгууллагууд анхаарал тавьсан дуулдана лээ. Гэвч нүүрстэй адилхан улс төрийн “хаалт” эдгээр хэргүүд дээр ч гарч ирэх магадлалтай. Тэр цагт Л.Оюун-Эрдэнэ юу гэж яриад зогсож байх нь сонин байгаа юм.
Гэхдээ ийм сонин хачин томилгоо, шийдвэр гаргаад байгаа нь цаанаа зорилготой байж мэдэх юм. Юу гэвэл ойрын үед Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт яригдана. Энэ долоо хоногт л гэхэд “Шинэ 30 жил”-ийн үндэсний хэлэлцүүлэг болно. Түүнчлэн сүүлийн үед засаг дээр хүчтэй ярьж, намынхаа бүлгээр хүртэл оруулчихсан УИХ, Засгийн газрын гишүүдийн гэр бүлээ дарга болгож, компаниараа төрийн тендерт орохыг хязгаарлах хуулийн төсөл нь УИХ-д өргөн баригдаж магадгүй. Засгийн мэдээлэлд дурдсан хугацаа нь болж байгаа юм.
“...Удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаад УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө энэ бүх ашиг сонирхлоос ангид байх хуулийг хамтдаа хэлэлцэнэ. Дэмжихийг та бүхнээс  хүсье” гэж УИХ-ын гишүүдээс гуйсан. Түүнчлэн удахгүй Оюу толгойн далд уурхай ажиллаж эхэлнэ. Өөрийнх нь санаачилсан иймэрхүү ажлууд Л.Оюун-Эрдэнийн өмнө бий. 
Харин Засгийн газар, МАН зүгийн хэвлэлийн албадыг мэдээллээс харахад “...Нүүрсний хулгай, сүүлд хэлсэн БОАЖЯ, Монголбанк, Төмөр замынхантай холбоотой асуудлын тухайд засаг үүргээ гүйцэтгэсэн. Одоо шүүхийг л харж байна” гэх болсон байна. Тийм ч биз, үгүй ч биз. Тэгэхээр гэнэтхэн засагтаа сэлгээ хийснийг нь хоёр янзаар ойлгож болохоор байна. Сүүлийн үед гаргаж ирсэн Хөгжлийн банк, нүүрсний хэргээс болоод түүнийг унагах сонирхолтой гишүүд МАН-д ч, АН-д ч бий болсон. Тэд нэгдээд дайрвал огцруулчихаж мэднэ. Тэгэхээр “сандал”-аа хамгаалахын тулд засгаа “давхар”-лаж байж болох юм. Харин нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ тогтолцооны өөрчлөлт рүү явахын тулд хүчээ зузаалаад байх магадлалтай. 
Гэхдээ түүний 2018 оны зун бичсэн “... Хууль засаглах уу, хувь хүн захирах уу” гэдэг нийтлэл байдаг. Тэнд “...Яагаад зарим улс орон цэцэглэн хөгжиж, зарим нь уруудан доройтдог вэ. Энэ асуултын хариулт ердөө л хуулийн засаглал. Хуулийн засаглал товчхондоо шударга хууль хяналтын байгууллага. Хуулийн засаглалтай нийгэмд хариуцлагатай засаглал төлөвшиж, жам ёсны өрсөлдөөнт бизнес, эдийн засгийн орчин бүрддэг. Үр дүн нь тогтвортой хөгжил юм” гэж бичсэн.
Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр “...Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг хэн нэгэнд наах нь миний сонирхол биш. Гагцхүү цаашдаа ололт дээрээ тулгуурч, алдаагаа засч, цоо шинэ 30 жил эхлэх нь бидний чухал зүйл шүү” гэж хэлсэн. Тэгэхээр түүний зорилго нь “...Цоо шинэ 30 жил юм байна” гэж болох аж. Гэхдээ яаж?! Бас л ойлгомжгүй талдаа байна. Эргэлзээ ч ихтэй хэвээрээ үлдэж байна.  Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ямар ч байсан зүгээр сууж байгаад “...За, засагтаа сэлгээ хийе дээ” гэнгүүтээ хэдэн гишүүд, сайд нараа нааш нь цааш нь хөдөлгөөд байх хүн огт биш. Товчхондоо, тэрбээр дээр хэлсэнчлэн “нохойтоод” л байгаа болов уу даа.
 
 
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.