Нийгэмд нөлөө үзүүлсэн гоц хүүхдүүдийн түүх


Зарим нэг хүүхдүүд зүгээр ч ухаантай биш жинхэнэ баатар байх юм. Эдгээр хүүхдүүд нь бүгд 18 нас хүрсэн эсвэл түүнээс ч бага байх аж. Тэдний хүүхэд нас дэлхийг илүү найрсаг сайхан болгоход чиглэж байна. Урлаг, уран сайхан, шинжлэх ухаан, технологи гээд олон салбарт тэд зүрх сэтгэлээ зориулж байгаа нь ихэнх нь насанд хүрэгчдээс илүү ухаантай гэмээр. Тэднийг гайхамшигтай, ухаантай гэхээс илүү ГОЦ хүүхдүүд гэж нэрлэмээр байна.

Ингээд та бүхэнд хүүхдийн цагаахан сэтгэлээр дэлхийг өөрчилсөн хүүхдүүдийн талаарх түүхийг сонирхуулъя.

1.    Микайла Улмер - 11 настай

 
Улмер охин 4 настай байхдаа байгальд ээлтэй бизнесийнхээ санааг олжээ. Тухайн үед Улмер зөгийнд хэд хэдэн удаа хатгуулж, хатгуулах тоолонд ээж нь зөгийг алж байв. Улмер охин зөгий бол байгалийн амьд амьтан, зөгийнүүд хатгуулах болгондоо алуулах юм бол тэд устана хэмээн боджээ. Тэгээд  "Me & The Bee Lemonade" хэмээх төсөл санаачлан Техасаас оруулж ирсэн зөгийн балаар ундаа хийх болжээ. Түүний төслийн хамгийн гол зорилго нь энэ байсангүй. Зөгийн тоо толгойг хамгаалж, үйлдвэрлэн зарж буй ундаанаас олох ашгаа тэдний үржүүлэгт хөрөнгө оруулалт хийх явдал байв.

Өнгөрсөн онд Улмер охины энэхүү компани 60,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоо түүний санаачилсан ундаа 14 муж улсад зарагдаж байна.

2.    Хасан Зафар - 15 настай, Ширен - 13 настай

 
Ах дүү хоёр хичээлээ тараад сургуульд хамрагдаж чадаагүй олон арван хүүхдийг цуглуулж тэдэнд боловсрол эзэмшихэд нь тусалдаг байна. Тэд "The Street School" буюу гудамжний сургуулийг нээж хүүхдүүдэд хичээл заадаг аж.

Пакистан улсад олон мянган эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд хамруулж чадахгүй, тэдгээр хүүхдүүдээрээ гудамжинд ажил хийлгэж мөнгө олуулдаг байна. Тиймээс Хасан ба Ширен хичээлээ тараад тэдгээр хүүхдүүдийг тогтсон цагт буюу 16 цагт цуглуулан хичээлээ ордог.

Одоо тэдний сургууль улам өргөжин  цагийн багш нартай болжээ. Анх 25 хүүхэдтэй нээгдсэн гудамжний сургууль одоо 80 сурагчтай болсон байна. Түүнчлэн тэдгээр сурагчиддаа боломжоороо мөнгө, хоол хүнс, хувцас өгдөг гэнэ.

3.    Жазз Женнингс - 15 настай

 
Женнингс эрэгтэй төрсөн ч 3 настайдаа бие физиологийн хувьд өөрчлөлттэй хэмээн оношлогджээ. Тэр бол хамгийн залуу трансжендэрүүдийн төлөөлөл.

Тэрээр Флоридад амьдарч байхдаа бусад жирийн хүмүүст транс хүмүүсийн талаар зөв, эерэг ойлголт өгөх гэж их хичээдэг байв. Одоо ч үүнийхээ төлөө тэмцсээр байгаа юм.
Женнингс транс хүмүүсийн талаарх хоёр ном бичсэн бөгөөд TLC телевизийн сериалд хүртэл дүр бүтээжээ.

Тэрээр одоо охидын хөлбөмбөгийн багт тоглохоор АНУ-ын хөлбөмбөгийн холбоотой заргалдаж байгаа гэнэ. Мөн эцэг эхтэйгээ хамтран залуу транс хүмүүст дэмжлэг үзүүлэх байгууллага байгууллан ажиллаж байна.

Тэр бол хамгийн хүчтэй дугарч байгаа транс хүмүүсийн эрхийн төлөөх хамгийн залуу активист юм.

4.    Юсра Мардини - 18 настай

 
Сири улсаас жижиг завиар дүрвэн явсан хүмүүс Грекийн арлын орчим усанд осолдон живэх шахсан юм. Азаар Юсра Мардини сайн сэлдэг байж усанд осолдсон 20 хүний амийг аварчээ.

Түүнийг Герман улсад дүрвэн ирэхэд Риогийн олимпод оролцох Дүрвэгчдийн багийн гишүүнээр сонгогдсон байжээ. Хэдийгээр Риогийн олимпод Мардини медаль хүртэж чадаагүй ч Сири улсаас болон бусад орноос дүрвэгчдэд итгэл найдвар төрүүлсэн хэмээн үзэж байгаа юм.

5.    Робби Новак - 12 настай

 
Гурван жилийн өмнө Новак хүргэн ахтайгаа нийлэн хошин бичлэг хийж сошиал хуудаснаа тавьдаг байв. Тэрээр өөрөө гол дүрд нь тоглож "Kid President" буюу Ерөнхийлөгч хүүхэд хэмээн алдаршжээ.

Удалгүй алдарт жүжигчин Райн Уилсон өөрийн Youtube сувгийнхаа жүжигчин болооч хэмээн Ерөнхийлөгч хүүхдийг урьсан юм. Энэ үеэс түүний алдар нэр улам өсөв. Новак алдарт жүжигчинтэй хамтраад хамгийн анх "A Pep talk from Kid President to you" хэмээх бичлэгэнд тогложээ. Түүний энэ бичлэгийг 38 сая үзэгч үзсэн бөгөөд одоо ч үзсээр байгаа юм.

Харамсалтай нь, Новак хүү ховор тохиолдох генийн өвчтэй байсан юм. Тэр амьдралынхаа энэ богино хугацаанд 13 удаа мэс засалд орж, 70 гаруй удаа яс нь хугарч гэмтэж байжээ.

Гэсэн ч шог хүү өвчиндөө шаналалгүй, өөртэй нь адилхан өвчтэй олон мянган хүүхдүүдэд инээд бэлэглэж, эерэг хандлагыг түгээсээр байна.

6.    Мартинез - 16 настай

 
Мартинез бол НҮБ-д харьяалагддаг байгаль орчны төлөөх тэмцэгч. Тэрээр 12 настай байхдаа байгаль орчноо цэвэрлэх, хамгаалах чиглэлээр 35 үйл ажиллагаа зохион байгуулж ажиллажээ.

Мөн хотын цэцэрлэгт хүрээлэн дэх хортон шавьж устгах ажлыг зогсоож, гялгар уутыг үнэтэй болгож, нүүрсний цахилгаан станцаас гарах бохирдлыг бууруулах арга замуудыг хэрэгжүүлсэн зэргээр олон ажил санаачлан амжилттай ажиллсан байна.

Мартинез бол Байгаль хамгаалагч хүүхдүүдийн томоохон төлөөлөл юм.

7.    Анн Макосински - 18 настай

 
Канад улсын иргэн Макосински 2013 онд Google компаниас зохион байгуулсан шинжлэх ухааны шилдэг бүтээлийн яармагаас Дээд шагнал хүртсэн залуу зохион бүтээгч юм. Тэрээр хүнээс ялгарах дулаанаар гэрэл гаргах технологийг бүтээжээ. Түүний энэхүү бүтээл нь хүрээлэн буй орчиндоо цахилгаан болон батерейний тусламжгүйгээр гэрэл гаргах том дэвшил авчирж байгаа хэмээн үзсэн юм.

Гурван жилийн дараа тэрээр eDrink хэмээх нэгэн гайхалтай бүтээлээ зохиожээ. Энэ нь таны ууж байгаа кофены аяганаас ялгарах дулаанаар компьютерийг чинь цэнэглэж болох гэнэ.

Хэдий тэр гайхалтай бүтээлүүд туурвиж байгаа ч хэрэглээнд гаргаагүй байна хэмээн Denver Post бичжээ.

8.    Маяа Пенн - 16 настай
 

Пенн Атланта хотод амьдардаг бөгөөд байгаль орчинд ээлтэй материалаар цамц, даашинз, малгай, ороолт, гоёл чимэглэл хийж зардаг байна. Бараа бүтээгдэхүүнээс олсон орлогынхоо 10-20 хувийг байгаль орчин хамгаалах санд тогтмол хандивладаг ажээ.

Үүгээр ч зогсохгүй тэр өөрийн хувийн бизнесийг эхлүүлж, 3 ном бичсэн байна.

9.    Адора Свитак - 18 настай

 
Свитак Вашингтон хотноо амьдардаг бөгөөд 7 настай байхдаа 300 гаруй богино өгүүллэг бичжээ. Тэрээр 3 ном хэд хэдэн роман бичээд байна.

Тэрээр TED Talk дахь хамгийн алдартай зохиолч бөгөөд түүний бичсэн "Насанд хүрэгчид хүүхдүүдээс юу сурч болох вэ?" хэмээх нийтлэл нь дэлхийн 40 гаруй хэлнээ орчуулагдсан ажээ.

Свитак НҮБ-ын Эдийн засгийн залуучуудын форумд илтгэл тавьж байсан юм. Одоо тэрээр Berkeley-ийн их сургуулийн оюутан болсон байна.

10.    Зиад Ахмед  - 17 настай

 
Тэр өөрийн нэр болон арьс өнгөний асуудлаас болоод нийгэмд ихээхэн гадуурхагдаж байв. Тэрээр энэ явдлаас болоод REDEFY хэмээх хүний эрхийн байгууллага байгуулж, Муслимчуудын талаарх  хэвшмэл ойлголтыг үгүй хийх, хүчирхийлэл, гадууралд өртсөн хүмүүст туслах, зөвлөгөө өгөх болжээ.

Түүний байгуулсан хүний эрхийн энэхүү байгууллагад хүчирхийлэл, гадуурхалд өртсөн хэнч хандаж болох бөгөөд тэднийг ажилд зуучилж өгөх, нийгэмд байр сууриа эзлэхэд тусалж байна.

11. С.Буянхишиг - 15 настай
  
 
Түүнийг С.Буянхишиг гэдэг. Тэрээр Чингэлтэй дүүргийн "Салхит” гэх газар "Сэлбэ” голын ойролцоо амьдардаг эгэл нэгэн айлын хүү юм.

С.Буянхишигийг ангийнхан нь "Эко” сурагч гэж дууддаг аж. Тэрээр гуравдугаар ангид орох жилээ Баянхошуунаас "Салхит”-д нүүж ирсэн байна. Энд нүүж ирсэн цагаас хойш эцэг эх нь гол, горхио бохирдуулж болохгүй хайрлан хамгаалж хүмүүсийн хаясан хогийг түүх хэрэгтэй гэж захидаг байжээ. Тэр цагаас хойш С.Буянхишиг хүү "Сэлбэ” голын эрэг дагуух хог, усан дотор урсаж буй хог, архины шилний хагархайг сайн дураараа түүдэг болсон байна. Тэрээр энэ голыг хоггүй цэвэр тунгалаг байлгахын тулд гурван жилийн турш цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулсан. Зуны улиралд С.Буянхишиг хүү өглөөнөөс орой хүртэл усны гутал өмсөн шуудайгаа чирсээр "Сэлбэ” голын эргийг өгсөж, уруудан алхдаг байна. Бяцхан биедээ ахадмаар энэ ажлыг сайн дураараа хийдэг энэ хүүд урмын үг хайрладаг хүн тун цөөхөн байдаг гэнэ. Харин ч хэнэггүйхэн зантай монголчууд цэвэрлэсэн газрыг нь ганцхан өдрийн дотор хогоор булж орхидог байна. Тэгсэн ч С.Буянхишиг шантарч, халшралгүй  цэвэрлэсээр байгаад гэр бүлийнхэн болоод ойр орчных нь олон хүн бяцхан хүүгээр бахархдаг болов уу.
 
Э.Нямцоож 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.