Монголын хамгийн урт голыг бохирдуулсан Ц.Мянганбаяртай хариуцлага тооцох хэрэгтэй!


Монголын хамгийн урт голыг бохирдуулсан Ц.Мянганбаяртай хариуцлага тооцох хэрэгтэй!

 

Шүүхээс дампуурсан гэдгийг нь зарласан "Монгол газар” компани өдгөө ч Орхон голыг бохирдуулсаар, амь юуг нь таслахаар улайрсаар байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Төлбөрийн чадваргүйд тооцогдож, дампуурсан гэгдэх компани өнөөдөр өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз нэрийн дор Орхон голыг бохирдуулж байгаа завхарсан үйлдлээ  ‘Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа” гэх нэрээр халхавчлан даварсаар байгаа нь харамсалтай. Хамгийн гол нь нэгэнтээ бохирдож сүйдсэн байгаль орчныг Ц.Мянганбаяр гэгч этгээд эргэж сэхээж чадахгүй гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна.

Үнэндээ Ц.Мянганбаяр гэж нөхрийн эзэмшлийн  "Монгол газар” компани Монголын хамгийн урт гэгддэг 1124 км, ус цуглуулах талбай нь 132 мянган км квадрат хүрдэг Орхон голыг бохирдуулах үйл ажиллагааг олон жилийн турш явуулж ирсэн. Хэвлэлийнхэн ч түүний бусармаг үйлдлийн талаар бичиж, нийтлэж ирсэн байдаг. Гэвч Ц.Мянганбаяр балагт үйлдлээ зогсоохгүйгээр барахгүй, элдэв башир арга сэлт хэрэглэн, үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа нь нэгэнтээ тодорхой болоод байгаа юм. Тэрчлэн Ц.Мянганбаярын гараар орж үйлээ үзсэн газар нутгууд Монгол Улсад дэндүү олон байна. "Монгол газар” компанийн алтыг нь аваад авдрыг нь хаясан газруудын нэг нь Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах "Шийрт”-ийн алтны уурхай юм. Энд мөн Орос, Монголын хамтарсан "Алтан Дорнод” компанийн ашиглаж байсан уурхай ч бий. Гэтэл дээрх алтны компаниудын алтаа угааж байсан хиймэл нуур задарч, Орхон гол руу урсч орсноос бохирдол үүсгэсэн байдаг. Эргэн сануулахад, 2010 оны наадмын үеэр бүх нутгаар бороо орж, томоохон гол, мөрнүүд үерлэж, усны төвшин нэмэгдсэн. Орхон голын эхээр ч гэсэн бороо их орж, жилийн жилд тасрах шахдаг байсныг нь "халсан” гэнэ. Бороо орсон энэ үеэс Орхон гол улаанаараа эргэж эхэлжээ. Голын эхээр байдаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин сумын иргэд үертэй байна гэж бодоод тоохгүй байсан аж. Үнэн хэрэг дээрээ алт угаасан нарийн шороо буюу "шалаам”-аар урсч байсан нь тэр аж. Түүнийг нь зарим нэг ажигч хүмүүс хараад холбогдох албаныханд дуулгасан үүх түүхтэй. Ингэж л "Монгол газар”-ын балагт үйл ажиллагаа олны анхааралд орж иржээ.

Алт угаасан "шалаам” Хархорин сум орчимд илүү их бохирдол үүсгэсэн байдаг, тухайн үед. Ямартаа л нутгийн иргэд уух усгүйдэх дээрээ тулж, багагүй сандар, "Хонгор”-ын түүхийг давтах вий гэж айж байга талаар тухайн үед хэвлэлүүд бичиж байсан даа. Хархорины мэргэжлийн хяналтынхан болон бусад холбогдох албаныхан Орхон голыг шинжлээд 70 хувийн бохирдолтой байна гэж үзсэн байна. Тухайн үед Бат-Өлзий сумын Засаг дарга хэлэхдээ  "Яг үнэн хэрэгтээ юу болж байгаа гэвэл Архангай аймгийн Цэнхэр сумын "Шийрт” гэдэг газар алт олборлож байсан "Монгол газар” компанийн буруугаас болж Орхон гол бохирдоод байна. Одоогоор найман хиймэл нуур задраад, гол руу урсч орж байгаа. Хуучин "Монгол газар” компани алт олборлож байгаад одоо Уянга сумын "Өлтийн” уурхайд байрлаж байсан бичил уурхайнуудад зарсан юм. Тэдний буруугаас болсон ч байж магад. Орхон гол нэлээд бохирдолтой байна. Манай сумаас удаа дараа шаардах хуудас өгсөн. Нэг ч хариу ирээгүй, дорвитой арга хэмжээ аваагүй л байна. Химийн хорт бодис голын усанд орсон гэх яриа ч байгаа. Одоогоор Улсын мэргэжлийн хяналт болон Аймгийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байцаагчид ирж шинжилж байна.Хариу гараагүй″ гэх зүйлийг хэлж байсан байдаг.

79601b886230cc4f45c8047bf805c7d9_1200

Гол нь Ц.Мянганбаяр байгаль орчны бохирдуулж, хамаг шим шүүсийг нь сорж авсныхаа дараа хариуцлагаас мултардаг зальтай аж. Тухайлбал, хиймэл нуур задарч гол ус бохирдуулсан буруутан олдохгүй дээрээ тулаад байгаа талаар тухайн үед яригдаж байсан юм. Бат-Өлзий сумын ИТХ-ын даргын хэлснээр "Монгол газар” лицензтэй талбайгаа бичил уурхайнуудад зарсан байдаг. Тэрчлэн "Шийрт”-ийн уурхай "Монгол газар” компанийнх биш учир Орхон голыг бохирдуулсан буруутанг бичил уурхайчдаас  хайх уу гэдэг асуудал үүссэн гэсэн үг. Энэ бол 2010 оны үйл явдал.

Тэгвэл 2011 он гарсаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай  хуулийн 4.1 дэх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон Хил заагийг хэсэгчлэн тогтоох тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төв, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймгуудад өнгөрөгч сарын 4-нөөс 10-ны хооронд хяналт шалгалт хийснээ танилцуулсан байдаг.  Мэргэжлийн хяналтын газраас олон байгууллагад шалгалт хийсэн ч хамгийн ноцтой зөрчилтэй нь   Архангай аймгийн Цэнхэр суманд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа 19 аж ахуй нэгж байжээ.  Тэдгээр аж ахуйн нэгжийн  40 обьектод шалгалт хийж, байгаль орчны багц хуулийн холбогдох заалтыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд 35 сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.  Гэтэл эдгээр 40 обьектын ихэнхи улсын байцаагчийн актыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр лацыг салган авч,  алт олборлох үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан байжээ.  2010 онд мэргэжлийн хяналтаас гаргасан шийдвэр огт хэрэгжээгүй байсны жишээ энэ. Тэрчлэн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулж  байсан  "Алтандорнод Монгол”, "Монгол газар” ХХК-иудын эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд улсын байцаагчийн тогтоосон акт, шаардлагыг эсэргүүцэн, хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг тухайн газарт үйл ажиллагаа явуулахыг зогсоохоор болж, шаардлага хүргүүлжээ. Түүнээс гадна  шалгалтын явцад "Алтандорнод Монгол”, "Монгол газар” ХХК-иуд  нөхөн сэргээлт хийсэн талбайд аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, 100 сая хүртэлх төгрөгийн төлбөр авч, эфель угааж байсан нь илэрсэн байдаг. Улмаар  Харгуйт, Будант, Өлзийт тээл, Их тээлийн голын усыг их хэмжээгээр бохирдуулсан байна. Эдгээр голууд бүгд Орхонд цутгадаг. Цутгалууд нь их хэмжээгээр бохирдоно гэдэг Орхон яаж бохирдсон нь тодорхой. Түүнээс гадна  дээрх компаниуд бусад жижиг компаниудад нөхөн сэргээлт хийсэн газраа зарж, дахин ашиглуулсан нь урт нэртэй хууль төдийгүй, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг зөрчсөн, үл тоосон хэрэг юм.

Алт угаасан шороо, хог хаягдалтай далангаа санаатайгаар сэтэлж,  Орхон голыг их хэмжээний хөрсний механик бохирдлоор бохирдуулсан нь Усны тухай хуулийн 34.1 дэх /Усны нөөцийн сан бүхий газарт цацраг идэвхит, халдвар тараах болон химийн хорт бодисын хаягдал хадгалах, устгах, хог хаягдал, бохирдуулах бодис, үйлдвэрлэлийн бохир ус хаяхыг хориглоно/ гэсэн заалтыг уландаа гишгэсэн хэрэг юм.

Түүнээс гадна  "Монгол газар”,  "Алтан Дорнод Монгол” ХХК-иуд голын голдиролыг сэргээх төсөлгүй, голдирол сэргээх ажлыг огт хийгээгүй  байдаг. Мөн ус ашиглалтын гэрээ байгуулаагүй, Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зураг төсөлгүй, төлөвлөгөөгүй,  орд ашиглах техник эдийн засгийн үндэслэл байхгүй , 2011 оны 5,6 дугаар сард аймгаас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахтай холбогдуулан тогтоосон улсын байцаагчийн актуудыг хэрэгжүүлээгүй, лацыг дур мэдэн хөндсөн зэрэг  10  гаруй  хуулийг зөрчсөн аж.

Гол нь Ц.Мянганбаяр нар ийн  дураар дургиж, Орхон голыг бохирдуулж, олон Монголчуудын ундны эх үүсвэрийг устгаж байхад Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-аас дээрх компаниудын хууль бус үйл ажиллагааг өөгшүүлсэн 11 тоот тогтоолыг  2011  оны тавдугаар  сарын 31-ны өдөр гаргаж,  их хэмжээний хандив авсан гэх мэдээлэл байдаг.

МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийнхан Архангай аймагт орших Орхон голын цутгал голуудын уснаас дээж авч шинжлэхэд Архангай аймгийн Цэнхэр сумын Харгуйтын голын уснаас Магни их хэмжээгээр илэрсэн байдаг. Магнийн Стандартын зөвшөөрөгдөх хэмжээ 30 м/л байдаг бол Харгуйтын голын уснаас авсан шинжилгээний дүнгээр 40.85 мг/л гэж гарсан нь их хэмжээний бохирдолтой байгааг батлаж байжээ. Мөн Өлзийт тээл, Өлийн, Харгуйт гурван голын уулзвар, Будантын голоос авсан шинжилгээгээр төмрийн стандартын зөвшөөрөгдөх хэмжээ 1.52-8.2 мг/л-ээр илүү гарсан, аммоний ион 0.5-8 мг/л-ээр илүү гарчээ. Эдгээр бодисууд байгалийн усанд байдаг ч хэмжээнээсээ хэтэрвэл хүний биед хортой. Тэгэхээр сая нэр нь дурдагдсан голуудын бохирдол Орхон гол ч бохирдсон гэдгийг бататгах үзүүлэлтүүд юм.

Уг нь УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, Цагдаагийн хошууч Б.Цогтбаатар "Алтандорнод Монгол”, "Монгол газар” ХХК-иудад Эрүүгийн хуулийн 208, 214 дүгээр зүйл ангиар 21177242 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч, асуудал хууль журмын дагуу яваагүй гэдгийг өнөөдрийн нөхцөл байдал гэрчилнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.