Б.Энхбаяр: MCS групп ХБ-наас дамжуулан авсан зээлээрээ охин компаниудынхаа өрийг дарсан


 

Хөгжлийн банкийг хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсгол өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн сонсголд АСЕМ Вилла хотхоны төслийг хэрэгжүүлэхэд олгосон зээлтэй холбогдуулж "Скай ресорт” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Оджаргалыг гэрчээр дуудсан боловч тэрээр гадаадад томилолттой оролцох боломжгүй гэж мэдэгджээ. Харин тус компанийн хуулийн зөвлөх болон"Скай ресорт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга оролцож байна.

Хөгжлийн банкны Түр хорооны дарга Б.Энхбаяр: Хөгжлийн банкнаас "Скай ресорт” ХХК-д 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Гэтэл MCS групп 125 тэрбум төгрөгийн 92 тэрбумаар зээлээ охин компаниудынхаа бизнесийн зээл болон бондын төлбөрийг төлжээ. Харин АСЕМ Вилла хотхоны 30-аад тэрбумаар барьсан байна. 125 тэрбум төгрөгийн зарцуулалтыг данс хөөх аргаар шалгаж, үзсэн.

-Нийт 2 удаагийн гүйлгээгээр 49.7 тэрбум төгрөгөөр "Скай ресорт” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны бизнесийн зээлийг хаасан.

-806 сая төгрөгийг Хөгжлийн банкны зээлийн хүүд буцаан төлсөн.

-8 тэрбум төгрөгийг Sky resort компанийн бизнесийн зээлээ гэж хаажээ

-34.4 тэрбум төгрөгийн Инержи ресурсс буюу MCS группийн охин компанийн гадаад шилжүүлгээр MMC бондын төлбөр төлсөн байна.

MCS группийн хуулийн зөвлөх: Засгийн газар энэ ажлаа яаралтай эхлээч ээ гэдэг хүсэлт тавьсны дагуу АСЕМ Вилла хотхоны төслийн барилгын ажил 2015 оны гуравдугаар сард эхлүүлсэн байдаг. Тухайн үед санал тавихдаа хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийн асуудлыг шийдэж өгнө гэж байсан ч урт хугацаандаа шийдэгдээгүй. Бид энэ төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд гуравдугаар сарын 18-нд Худалдаа хөгжлийн банктай 10 тэрбум төгрөгийн гүүрэн зээлийн гэрээ байгуулсан. 18 хувийн хүүтэй нийт 58 тэрбум төгрөгийн зээл авсан. Есдүгээр сард Худалдаа хөгжлийн банктай 125 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн гэрээ байгуулсан. 3-9 сард энэ төслийг өөрийн санхүүжилтээр санхүүжүүлж ирсэн.

АСЕМ Вилла хотхоны 53 виллагаас 21-ийг нь худалдсан. 32-ийг нь худалдаж чадахгүй байсан. Тиймээс зээлээ төлөхийн тулд "Скай ресорт” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид худалдаж авсан. Тэгж байж зээл болон зээлийн хүүгээ төлж дууссан.

Энэ хотхонд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж амьдардаггүй. Худалдан аваагүй. Нийт 168 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого хийсэн. Харин зээл болон зээлийн хүүнд 174 тэрбум төгрөгийг төлсөн.

 

https://itoim.mn/a/2023/03/13/society/rjx




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.