Хөгжлийн банкнаас зээл авсан зарим гишүүнийг Улсын ерөнхий прокуророос түдгэлзүүлэн шалгах санал гаргасан. УИХ хүлээж аваагүй. Тэгвэл тэдний нэг болох Х.Ганхуяг зээлээ бүрэн төлжээ.
Тодруулбал, 2020 оны эхээр Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компанитай Х.Ганхуяг холбогддог. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй. 2017 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагдсан. Бүртгэлийн албан ёсны мэдээллээр “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг. 2022 оны хоёрдугаар сарын байдлаар "Вертекс майнинг партнер" компанийн авсан зээл нь 33.14 тэрбум төгрөг болоод байсан юм. Энэ талаар Х.Ганхуяг "Хөгжлийн банкнаас авсан зээл бол УИХ-ын гишүүн болохоос өмнө болсон үйл явдал. Би тухайн зээлийг авахад ямар нэг нөлөө үзүүлэх боломжгүй. УИХ-ын гишүүнээр ч сонгогдоогүй байсан" гэж байв.
Тэгвэл Х.Ганхуягтай адил хамаарал бүхий компани нь зээл авсан гишүүн бол С.Бямбацогт байдаг. Тэрбээр Хөгжлийн банкнаас 2019 онд 61 тэрбум төгрөгийн зээл авсан гэх “Вестерн холд” ХХК-тай нэр холбогддог. Энэ талаараа гишүүн С.Бямбацогт 2022 оны хоёрдугаар сарын 1-нд "Миний бие “Вестерн холд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хөгжлийн банкнаас авсан, өгсөн зээлийн аль нь хууль журмын дагуу олгогдож, аль нь хулгайн замаар олдсоныг АТГ, шүүх, прокурор нэн даруй тогтоож асуудлыг хурдан мухарлаж, улсыг хохиролгүй болгоно гэдэгт бүрэн итгэж байна" гэсэн юм.
Гэхдээ С.Бямбацогтыг энэ зээлээ хэзээ төлж дуусгах вэ гэдгийг олон нийт харж байна. Түүнээс гадна Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой гэх томоохон мөнгөн дүнтэй зээлийн асуудал яригддаг. "Шинэ Яармаг" төсөл, МоАХ-ны газрыг "Пирамид орд" ХХК-ийн барьцаанд тавиулах зэргээр Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг. Х.Баттулга энэ талаар 2022 оны гуравдугаар сарын 16-нд "Хөгжлийн банк дээр тийм зүйл байхгүй. Надад олон зөвлөх байсан, одоо ямар ч холбоогүй. Надад ямар ч асуудал байхгүй. Би Хөгжлийн банктай ямар ч холбоогүй. Бүгд гүтгэлэг" гэсэн тайлбарыг өгсөн. Түүнийг ч бас эдгээр зээлийг төлөхөд хүчин зүтгэл гаргах эсэхийг олон нийт, хууль хүчний байгууллага, Хөгжлийн банкныхан харж байгаа аж. Ер нь бол чанаргүй зээлийн эзэд эргүүлж төлөх нь Хөгжлийн банк сэргэх, хамгийн гол нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн чадавхийн олон улс дахь нэр хүндэд чухал нөлөөтэй. 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос зургадугаар сарын 30-ны өдрийн хооронд Хөгжлийн банкинд 43 зээлдэгчийн нийт 481.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ. Үүнээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" ХХК 191,120,985,745.00 төгрөг төлж, зээлээ бүрэн барагдуулсан байна. Араас нь дээр хэлсэнчлэн "Вертекс майнинг сервис" ХХК 30 гаруй тэрбум төгрөгөө төлсөн. Тэгэхээр одоо С.Бямбацогт, Х.Баттулга нартай холбоотой зээл төлөгдөх нь чухал болоод байгаа юм.
Б.Дамдин
Сэтгэгдэл