“Шүгэл”-дүүлбэл “шүүр”-дэнэ, дараа нь...


“Шүгэл”-дүүлбэл “шүүр”-дэнэ, дараа нь...

 

Эхэндээ инээдтэй ч юм шиг, эсвэл энгийн ч гэмээр сонсогдож байсан Засгийн газрын “5Ш” ажиллагаа нэлээд “юм” дуулгаж магадгүй болоод явчихлаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ хоёр “Ш”-ийг “...Нэгдүгээрт, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоог болон шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулна. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох юм. Хоёрдугаарт, шүүр ажиллагааны хүрээнд орлогоосоо давсан хэрэглээтэй албан тушаалтнуудыг шүүрдэн чөлөөлнө. Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ. Төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж ажиллаж амьдардаг, олон тэрбумын амины орон сууцтай, үнэтэй машин унадаг. Тэгсэн атлаа цалингаас өөр бизнесгүй байдаг. Ийм албан тушаалтнуудыг чөлөөлөх ажиллагаа энэ онд бүрэн хийгдэнэ” гэж байсан. Энэ хүрээнд “Шүгэл”, “Шүүр” хоёр нь яах аргагүй холбоотой хэрэгжих бололтой. Товчхондоо, “шүгэл”-дүүлбэл “шүүр”-дүүлэхээр болж байна. Үүнийг ч төрийн алба хаагчид хэдийнэ ойлгожээ. Төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа эрхэлдэг хэн бүхэн хуулийн хүрээнд ажиллаад эхэлж байгаа аж. Гол нь энэ бүхэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд илтэд мэдрэгдээд эхэлж буй бололтой. Тухайлбал, мэс заслын эмч нар л гэхэд хагалгааны өмнө, дараа нь “дугтуй” авдаг байснаа зогсоогоод эхэлсэн байна. Гэхдээ маш ноцтой нэг “арга” хэзээ арилах нь тодорхой бус байгаа юм.

 

Өнгөрсөн жилийн шударга байдлын үнэлгээний судалгаанд 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон НЗДТГ хамрагджээ. Үүнийг нэгжийн хувьд авч үзвэл гадаад шударга байдлын үнэлгээнд нийт 7440 иргэн, дотоод шударга байдлын үнэлгээн 1550 төрийн албан хаагч, бодлогод оролцогчдын үнэлгээнд 860 шинжээч, нийт 9850 оролцогчийг хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан 10 оролцогч тутмын долоо нь “...Монгол Улсад авлига түгээмэл байдаг” гэдэгтэй санал нэгдэж байсан. Мөн “...Ирэх жилүүдэд Монгол Улс дахь авлигын түвшин буурна” гэдэгт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд итгэлгүй байна” гэжээ.  Судалгаанд оролцогчдоос “...Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц аль нь болох”-ыг тодруулахад “...Эрүүл мэндийн байгууллага” гэжээ. Араас нь “...Шүүх”,  “...Газрын алба”, “...Гаалийн байгууллага” гэж хариулсан байна. Эдгээр болон төрийн бусад бүхий л байгууллага дээр, ялангуяа тусгай зөвшөөрөл, янз бүрийн шийдвэрийг гаргалгүй, бичиг баримтыг удаашруулж байгаад хүссэндээ хүрдэг явдал байсаар байна. Уг нь хуульд “...Ажлын тав хоног”, “...Долоо хоног” гэдэг ч тухайн албан тушаалтнууд өөрсдөө “...Журам”, эсвэл өөр элдвийн шалтгаанаар “барьчихдаг” явдал хаа сайгүй гардаг. Тэгвэл ийм үйдлүүд дээр “шүүр”-дээд зогсохгүй бололтой. Удалгүй яг ийм үйлдлийг таслан зогсоох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах эсэх талаар шийдвэр гаргагчид ярилцаж байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 61 (7046)


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.