Санхүүгийн зохицуулах хорооны Захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхбаатарыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар болжээ. Тодруулбал, Д.Энхбаатарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай хамтарч их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх өргөдөл, гомдол хууль хяналтын байгууллагад ирсэн байна. Мөн түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хууль бусаар албан тушаалд томилогдсон гэх үндэслэлээр шалгах ажээ.
ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ДАРГА Д.ЭНХБААТАР АВЛИГА АВЧ, ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ГЭВ
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр "Д.Энхбаатар нь Санхүүгийн зохицуулах хорооны газрын даргаар томилогдсон даруйдаа л илтэд хөрөнгөжиж эхэлсэн. Өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, тендер авч, хууль бус ажиллагаа явуулсан байх магадлалтай. Иймд түүний хууль бус, авлига, албан тушаалын хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлэх хэрэгтэй. Түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооныхон бүгд мэдэж байгаа. Зарим ажилтан нь хууль бус ажиллагаанд нь оролцсон ч байж магадгүй. Д.Энхбаатартай холбоотой өргөдөл, гомдол хууль хяналтын байгууллагад олон очиж байгаа байх. Үүний дагуу шалгалтын ажиллагааг сайн явуулж, шалгаж өгөөсэй гэж хүсэж байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг халаасалдаг байдал хэрээс хэтэрлээ. Засгийн газар шүгэл үлээж, авлигатай тэмцэх ажиллагаа эхэлсэн учраас шалгана гэдэгт итгэж байна” гэлээ.
Өөр нэг эх суржалжийн мэдээлэл өгөхдөө "Д.Энхбаатар нь УИХ-ын гиүүн, сайд нартай ойрын холбоотой байдаг. Сонгуулийн менежер хийдаг байсан хүн гэнэт Санхүүгийн зохицуулах хороонд газрын даргаар очсон. Тэрбээр Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан нарын сонгуульд ажиллаж, менежер хийж байсан юм байна лээ. Өөрөөр хэлбэл, хор найруулж, холион бантан хутгаад сурчихсан гэсэн үг. Өөрийн хамаарал бүхий эм ханган нийлүүлэх компаниараа дамжуулж, тендер түүдэг юм байна лээ. Тэрбээр эрх мэдэлтнүүдтэй ойрхон, цүнхийг нь барьдаг учраас албан тушаалд очсон байх. Бас дараагийн албан тушаалынхаа талаар ойр тойрныхондоо ярьчихсан явж байна гэнэ лээ. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий, цүнхийг нь барьдаг, сонгуульд ажиллахад албан тушаал өгдөг, суудал сэнтийд томилдог байдлыг шалгаж, цэгцлэх хэрэгтэй” гэв.
Д.ЭНХБААТАР ГЭЖ ХЭН БЭ
Д.Энхбаатар нь Сүхбаатар аймгаас гаралтай. Сүхбаатар аймгийн Онгон сумын МАН-ын дарга, Эрдэнцагаан сумын Нутгийн зөвлөлийн дарга, Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн Хил орчмын аялал жуулчлал хариуцсан дэд даргаар ажилладаг. Мөн Сүхбаатар аймгийн намын хорооны зохион байгуулагч, Лениний музейд зохион байгуулагчаар ажиллаж байжээ. Түүнчлэн "Зотол Уул Трейд” ХХК-ийн ерөнхий захирал, "Зотол Групп” ХХК-ийн ерөнхий захирлаар тус тус ажилласан туршлагатай аж. Өнгөрсөн 2021 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн албыг хашиж байна. Мөн тэрбээр Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. "Зотолгрупп”, "Зотол Уул Трейд” ХХК-аараа дамжуулж, Хаан банкнаас зээл авч байсан ч зээлээ хугацаанд нь төлөөгүй, хүүний алдагдал хүлээсэн, банкийг хохирол оруулсан үндэслэлээр шүүхийн тогтоолд уншуулж байжээ.
Ташрамд сонирхуулахад, Сангийн сайд Б.Жавхлантай Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуульд хамт сурч байсан эртний танилууд ажээ. Ийм ч учраас Сангийн сайдын сонгуулийн ажилд Доржийн Энхбаатар нь ажиллаж, албан тушаалд томилсон байж болзошгүй гэх мэдээлэл байгаа.
Д.ЭНХБААТАР "ЗОТОЛГРУПП”, "ЗОТОЛ УУЛ ТРЕЙД” ХХК-ИЙГ ЭЗЭМШДЭГ
Санхүүгийн зохицуулах хорооны Захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Доржийн Энхбаатар нь "Зотолгрупп” ХХК-ийг эзэмшдэг. Тус компани 2005 оны арваннэгдүгээр сарын 29-нд Гадаад худалдаа, Авто тээврийн хэрэгслэлийн жолооч бэлтгэх сургалт, Хадлан бэлтгэх, Хүнсний ногоо тариалах, Мал аж ахуй эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 2614766 регистрийн дугаараар Улаанбаатар, Сүхбаатар дүүргийн I хороо, 205 тоот хаяг дээр анх бүртгэгджээ. 2021 оны зургадугаар сарын 24-нөөс Эрдэнэбилэгийн Нямбаяр гэж хүн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа. Мөн Д.Энхбаатар нь "Зотол Уул Трейд” ХХК-ийг эзэмшдэг.
Д.Энхбаатарын хүү Э.Эрхбилгүүний "Чоногол трейд” ХХК
Д. Энхбаатарын төрсөн хүү Э.Эрхбилгүүн нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Чоногол трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь. Тус компани нь эрүүл мэндийн салбарын бүхий л тендерт оролцож, хуу "хамдаг” гэвэл хилсдэхгүй болов уу.
Тодруулбал, "Чоногол трейд” ХХК нь 2002 оны дөрөвдүгээр сарын 06-нд Гадаад худалдаа, Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах, Эм, эмнэлэгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 2716895 регистрийн дугаараар Улаанбаатар, Баянгол, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 89-3 тоот хаяг дээр анх бүртгэгджээ. Хувьцаа эзэмшигч нь Энхбаатар Эрхбилгүүн, Өлзийхутаг Байгалмаа. Гүйцэтгэх захирлаар нь Өлзийхутагийн Байгалмаа ажилладаг.
Э.ЭРХБИЛГҮҮНИЙ "ЧОНОГОЛ ТРЕЙД” ХХК 2023 ОНЫ ЭХНИЙ ГУРАВДУГААР САРЫН БАЙДЛААР 150 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
"Чоногол трейд” ХХК нь 380 гаруй тендерт оролцож байжээ. Үүнээс ердөө сүүлийн гурван сарын хугацаанд гэхэд л улсын томоохон эмнэлгүүдийн тэрбум давсан санхүүжилттэй бүхий л тендерүүдэд оролцож, 150 тэрбум төгрөгийн тендер авсан байна. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний гурван сарын хугацаанд л гэхэд 150 гаруй тэрбум төгрөгийн тендерт ялжээ.
Тухайлбал,
Архангай аймгийн орон нутгийн өмчийн газар
-Эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер - 2,6 тэрбум төгрөг
Батлан хамгаалах яам
-Цэргийн төв эмнэлгийн эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер – 7.0 тэрбум төгрөг
Гэмтэл согог судлалын үндэсний төв
-Эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж, цус цусан бүтээгдэхүүн худалдан авах- 10.2 тэрбум төгрөг
-Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах- 11.5 тэрбум төгрөг
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар
Эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах /Аймгийн хэмжээнд/- 4.1 тэрбум төгрөг
Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв
-Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах- 3.9 тэрбум төгрөг
Орхон аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төв
-Орхон аймгийн БОЭТ д Эм,эмнэлгийн хэрэгсэл урвал оношлуур худалдан авах тендер- 5.5 тэрбум төгрөг
Орхон аймгийн орон нутгийн өмчийн газар
БОЭТ-д зүрхэн дотор цахилгаан сэдэл өгөх аппарат худалдаж авах /иж бүрэн/- 180 сая төгрөг
П Н Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ- 200 сая төгрөг
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг
Эм, эмнэлгийн хэрэгсэл, өндөр өртөгт хэрэгсэл- 4.7 тэрбум төгрөг
Төрийн худалдан авах ажиллагааны газар
П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэс засал ба судсан дотуурх оношилгоо эмчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах- 28.6 тэрбум төгрөг
Улсын нэгдүгээр төв эмнэлэг
Өндөр өртөгт тусламж үйлчилгээний эмнэлгийн хэрэгсэл худалдан авах- 21.5 тэрбум төгрөг
Үндсэн тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах- 16.7 тэрбум төгрөг
Ховд аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв
Эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж, оношлуур нийлүүлэх- 3.0 тэрбум төгрөг
Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг- 927 сая төгрөг
-Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр- 7.8 тэрбум төгрөг
Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газар
Хавдрыг эрт илрүүлэх хиймэл оюун ухааны тоног төхөөрөмж /БОЭТ, Ханбогд, Гурвантэс, Цогтцэций сум, Шим билэг ӨЭМТ/- 180 сая төгрөг
БОЭТ-д шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах- 110 сая төгрөгийн багцыг тус тус авчээ.
https://ergelt.mn/news/22/single/31699
Сэтгэгдэл