Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаанаар /2023.03.30/ Баянзүрх дүүргийн төлөөлөгч Т.Батцогт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг хуралдаа суудаггүй, ажлаа мэддэггүй гэдэг шалтгаанаар огцруулах горимын санал гаргав.
Тэрээр "НИТХ бол иргэдээс санал аваад сонгогдсон төлөөлөгчид. Бидний гаргах гэж буй шийдвэрийг гүйцэтгэх албан тушаалтан хаана байна вэ. Нийслэл хотыг хариуцаж, ажил хийх дарга нь байна уу. Д.Сумъяабазар дарга байгуу юм уу, байхгүй юм уу. Хурал эхлэхэд ч ирцийн мэдээлэл өгсөнгүй. Уг нь Засаг дарга хуралдаанд суух ёстой. Их ажилтай байсан ч эрх барих дээд байгууллагынхаа хуралдаа сууж, хэн юу хэлж байна, ямар шийдвэр гарах вэ гэдгийг сонсох ёстой. Үндсэн ажлаа хийж чадахгүй бол түүнийг өөрчилье. Ажил хийх сонирхолгүй, хотын иргэдийн төлөө ажилладаггүй, хуралдаа суудаггүй Засаг даргатай хоёр жилийг өнгөрөөлөө шүү дээ. Энэ хот дампуурч дууслаа. Эхнээсээ иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Хуралдаандаа суухгүй бол албан ёсоор огцруулах бичиг өргөн барина” гэлээ.
Сэтгэгдэл