Т.САЙХАН
НИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явцын талаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулснаар, нэлээд ширүүн үргэлжиллээ.
НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:
-Бидний өмнөх хийж байсан ажлуудыг ямар ч үндэслэлгүй гутааж, доромжилж байгаад харамсч байна. Ажлаа л яримаар байна. Нэг нь нөгөөгөө үгүйсгээд л явах юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд олон ажил хийх шаардлагатай. Бидний үеийн ажлыг нийслэлчүүд санаж байгаа шүү. Нийслэлийн үйл ажиллагааг НИТХ-аас их хамааралтай. НИТХ Засаг даргынхаа дээр байж, ажлаа явуулах ёстой.
НИТХ-ын дарга С.Амарсайхан:
-Бид өнөөдөр нийслэлийн асуудлыг хэлэлцэж байна. Ганц С.Амарсайханы асуудал биш. Би энэ албыг авсан шиг аваад, өгсөн шиг өгч чадна. НИТХ дахь АН-ын бүлгийнхэн эхлээд өөрсдөө хуралдаа суу. Зарим нь хувийн асуудал яриад орж ирдэг. Түүнийг нь биелүүлэхгүй болохоор элдвээр мушгиад эхэлдэг. Шийдэгдэх боломжгүй асуудлууд оруулаад ирэхээр нь хүлээж авах боломжгүй гэдэг. Хувийн асуудлаа тулгаад үүд сахиад суудаг. Үүнээс болж С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндөж байгаа бол та бүхний буруу. Бид зарчмаа барих ёстой. Хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун:
-Хэрэв АН үнэхээр хурлын даргыг огцруулах асуудлаар ярих байсан бол завсарлага аваад хурлыг дуусгах байсан. Энэ удаа тэд телевизийн камерын өмнө, хэвлэл мэдээллийнхний өмнө асуудлыг улстөржүүлж хаврын улс төрөө эхлүүлж байгаа үзэгдэл гэж ойлгож байна. Улстөржилтийг бид 2019 онд эхэлнэ байх гэж бодсон, энийгээ огцоруулъя, тэрийгээ буулгая гэдгээ одоо больчихгүй юм уу” гэв.
Ийнхүү НИТХ-ын ээлжит хуралдаан нэлээд ширүүн болж, өндөрлөв.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл