НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн Хотын дарга Э.Бат-Үүлийг их хэмжээний мөнгөөр гараа угаасан гэсэн мэдээллийг өгч, огцруулахыг шаардсан. Үүний дараа Э.Бат-Үүл дарга НИТХ дахь МАН-ын бүлгийнхнийг шүүхэд өгөхөө мэдэгдэж, өөрийг нь гүтгэж байгаа гэсэн мэдээлэл хийсэн юм.
НИТХ дахь МАН-ын бүлгийн Э.Бат-Үүлийг огцруулахыг шаардсан бичигт "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг гарын үсэг зураагүй байсан. Шалтгаан нь НИТХ дахь МАН-ын гишүүдээс ажилтай байгаа ганц хүн нь байсан юм гэнэ билээ.
Тэгвэл түүнийг өнгөрсөн сарын 19-ны өдөр ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг ажил олгогчийн итгэл алдсан гэсэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний оронд ажиллах хүн хэдийнэ тодорсон гэх мэдээлэл байна.
Ямартай ч сонгууль дөхсөнтэй холбоотойгоор Б.Саранчимэг УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд байгууллагын нэрээр сурталчилгаа хийж байна гэх шүүмжлэлд нэлээд өртсөн. Гэхдээ энэ бүхний цаад шалтгаан нь НИТХ дахь МАН-ын бүлгийн Э.Бат-Үүл даргыг огцруулах шаардах бичигтэй холбоотой байж магадгүй гэсэн хардлага байна. Үүгээр НИТХ дахь МАН-ын бүлгийг шүүхэд өгнө гэж байсан мэдээлэл тань дуусгавар болж байгаа юу гэж Э.Бат-Үүл даргаас асуучихад гэмгүй л болов уу.
УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг дүүгээсээ өмнө улс төрд орсон нэгэн бөгөөд тэд Ардчилсан нам, Ардын нам гэсэн өөр харьяалалтай хүмүүс билээ.
У.Жанцан
Сэтгэгдэл