АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим "БНХАУ-ыг цаашид хөгжиж буй орон гэж үзэхгүй байх тухай” хуулийн төслийг хэлэлцэн, олонхын саналаар баталсныг The Hill мэдээллээ. Ингэснээр олон улсын байгууллагууд БНХАУ-ыг цаашид өндөр хөгжилтэй улс орны ангилалд оруулан, тооцох үйл явц өрнөхөөр болж байна.
БНХАУ-ын хөгжиж буй орон гэх статус өөрчлөгдсөнөөр ОУВС, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Азийн хөгжлийн банк зэрэг дэлхийн банк санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авах эрхгүй болох юм. Дэлхийн банкны зүгээс гишүүн орнуудын хөгжлийн ангиллыг жил бүрийн зургаадугаар сард шинэчлэн тогтоодог. Энэ дагуу БНХАУ-ын ангиллыг өөрчилж, өндөр хөгжилтэй орны ангилалд бүртгэх талаар мэдээлэлд дурджээ.
Түүнчлэн БНХАУ ийнхүү ангилал ахиж буйн нөгөө талд олон улсын байгууллагуудаас тус улсад олгодог хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрүүд чөлөөлөгдөж, бусад улс орнуудад ногдох зээлийн боломж нэмэгдэнэ гэж санхүүгийн байгууллагууд үзэж байна. Тухайлбал, Дэлхийн банкнаас БНХАУ-д 2016-2018 онд хөгжлийн зээлийн шугамаар 7.89 тэрбум ам.долларын зээл олгосон байдаг аж.
Төлөөлөгчдийн танхимын уг шийдвэртэй холбогдуулан БНХАУ-ын хэвлэлүүд мэдээллүүд гаргаж байна. www.globaltimes.cn сайтын мэдээлэлд дурдсанаар, АНУ нь БНХАУ-д давуу эрх олгохоос сэргийлэх гэдэг үндэслэлээр тус улсын хөгжиж буй орон гэх статусыг хүчингүй болгох тухай хүсэлтийг Дэлхийн худалдааны байгууллагад удаа дараа тавьж байжээ. Гэхдээ тухайн улс хөгжиж буй орон мөн үү, үгүй юу гэдгийг аль нэг индекс, аль нэг улс дураараа шийдчихдэг асуудал биш. АНУ нь БНХАУ-ын хөгжиж буй орны статустай холбоотой асуудлаар тоглох эрхгүй. БНХАУ хөгжиж буй орны статусаа ашиглан давуу эрх, боломж ашигласаар байна гэж АНУ үздэг. Тиймээс өндөр хөгжилтэй орон гэж бусад улс орнууд, олон улсын байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлэх оролдлого нь БНХАУ-ын хөгжлийн зардлыг өсгөж, олон улсын өмнө өөрийн чадвараас давсан хариуцлага хүлээхэд хүргэж байна гэсэн байна.
https://news.zindaa.mn/4k1r
Сэтгэгдэл