БНХАУ-АНУ-ын худалдаа, эдийн засгийн харилцааны бодит байдлыг харуулж, уг асуудалд БНХАУ ямар байр суурьтай байгаа болон асуудлыг хэрхэн зохистой шийдвэрлэх арга замыг тусгасан "БНХАУ-АНУ-ын худалдааны маргааны бодит байдал ба БНХАУ-ын байр суурь” номыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба гаргажээ.
Өмнөх үгийг эс тооцвол 6 бүлэгтэй уг номд БНХАУ-АНУ-ын худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа болон хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааны бодит байдал, АНУ-ын Засгийн газрын худалдааг дэмжих бодлого, худалдааны дээрэнгүй үзэл, дэлхийн эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй тэдний зохисгүй үйлдлийн сөрөг нөлөө, БНХАУ-ын байр суурийн тухай өгүүлжээ.
БНХАУ дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй улс бол АНУ дэлхийн хамгийн том хөгжингүй орон юм. БНХАУ-АНУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа хоёр оронд ихээхэн ач холбогдолтой төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, хөгжилд асар их нөлөөтэй юм гэж уг номд дурдсан байна.
Хоёр орны эдийн засгийн хөгжлийн үе шат, эдийн засгийн тогтолцоо харилцан адилгүй учир эдийн засаг, худалдааны маргаан гарч болох хэдий ч хамгийн чухал нь хэрхэн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, санал зөрөлдөөнийг зохицуулах нь гол асуудал билээ. БНХАУ болон АНУ-ын Засгийн газрууд эрх тэгш, зохистой, нэгэн чиглэлд хамт урагшлах зарчимд тулгуурлан сүүлийн 40 жилийн хугацаанд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж ирсэн юм гэж номд мөн дурджээ.
Үүнээс гадна уг номд, 2017 оноос АНУ-ын шинэ Засгийн газар байгуулагдаж, улмаар "АНУ-ыг эн тэргүүнд” уриан дор харилцан хүндэтгэх, эрх тэгш зөвшилцөх зэрэг олон улсын харилцааны үндсэн дүрэм журмыг таягдан хаяж, нэг талт бодлого баримталж, эдийн засгийн дээрэнгүй үзлийг хэрэгжүүлэн, олон орон, бүс нутаг, ялангуяа БНХАУ-д гаалийн татвар нэмэх цуврал арга хэмжээ авах зэргээр эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байна. Харин БНХАУ-ын хувьд хоёр орны нийтлэг ашиг сонирхол, дэлхийн худалдааны дэг журмыг хамгаалахын төлөө маргааныг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх үндсэн зарчмыг баримтлан ажиллаж байгааг дурдсан байна.
Мөн уг асуудлыг нааштайгаар зохицуулж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг тогтворжуулахын тулд БНХАУ АНУ-тай удаа дараа яриа хэлэлцээ хийж, ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. Харин АНУ уг асуудалд өөрийн байр сууриас хандаж, БНХАУ-д дарамт үзүүлэн, хоёр улсын худалдааны маргааныг богино хугацаанд хурцадмал байдалд хүргэсний зэрэгцээ хоёр орны Засгийн газар болон ард иргэдийн олон жилийн хүчин чармайлтаар бий болсон худалдаа, эдийн засгийн харилцааг сэвтүүлж, олон талт худалдааны тогтолцоо болон чөлөөт худалдааны зарчмыг ноцтой зөрчиж байна гэж номд дурдаад, үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба энэхүү номыг хэвлэсэн гэв.
БНХАУ-АНУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа нь хоёр орны ард иргэдийн ирээдүйтэй салшгүй холбоотой төдийгүй дэлхийн энх тайван, эдийн засгийн хөгжил дэвшил, тогтвортой байдалтай ч чухал нөлөөтэй юм. Хоёр орны хувьд хамтран ажиллах нь цорын ганц зөв сонголт бөгөөд хамтын ашиг сонирхолдоо тулгуурлан ажиллах нь илүү сайхан ирээдүйг бий болгоно. БНХАУ-ын байр суурь тодорхой, тууштай, гуйвшгүй юм гэж тус номд онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл