Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ сарын 21, 22-ны өдөр манай улсад төрийн айлчлал хийнэ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм. 2011 онд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл Францад айлчилснаас хойш хоёр тал өндөр дээд хэмжээний айлчлал хийгээгүй юм. Энэ утгаараа хоёр орны цаашдын харилцаанд чухал ач холбогдолтой айлчлал болно гэж судлаачид үзэж байна.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана. Мөн хоёр улсын харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцоно. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Францын талтай хамтран ажиллах талаар мөн ярилцаж, хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
Францын Ерөнхийлөгчийн айлчлалаар талууд ураны олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлд тодорхой яриа хэлэлцээ хийнэ гэсэн хүлээлт бий. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Атомын цахилгаан станц Монгол Улсын хувьд шинэ сэдэв. Нэлээд нухацтай судлах хэрэгтэй. Би эрчим хүчний судалгааны хүрээлэнг судлаад танилцуул гэсэн байгаа. Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна гэж байгаа. Энэ талаар Засгийн газар тухайн үед нь ярина. Одоо үр дүн гараагүй байхад ярьж болохгүй байна" гэж мэдээлсэн билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 98 (7083)
Сэтгэгдэл