Бид хэчнээн их орлогоо гадагш нь алдсаныг тооцоход бэрх!


Бид хэчнээн их орлогоо гадагш нь алдсаныг тооцоход бэрх!

 

Хараад байхад манай улстөрчид бусдад ашигтай хууль, гэрээг үзэгдэхдээ бушуу түргэн, харин улс орондоо ашигтайг нь шийдэхдээ хөшүүн хойрго хандах юм. Тухайлбал, давхар татварын гэрээн дээр уг асуудал яригдах учиртай. Манай улсаас бусад улстай байгуулсан давхар татварын бүх гэрээнд хувьцаа борлуулсны олзоос Монгол Улс татвар авах зохицуулалт ороогүй олон жил явж ирсэн байдаг. Тэрчлэн Айванхоу Майнз компани Саусгоби сэндс компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг Чалко компанид борлуулсан ажил гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны олзод Монгол Улс дотоодын татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байсан юм.Манай улс дэлхийн 35 оронтой Давхар татварын гэрээ гэгчийг байгуулсаныхаа шанг өнгөрсөн жилүүдэд хангалттай амссан. Тэгээд дараа нь  Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант улс, Люксембургийн Вант улс, Кувейт улстай тус тус байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болгосон. Харин Канадтай улстай байгуулсан Давхар татварын гэрээг хэвээр үлдээсэн.  Уг нь  З.Энхболд спикер байхдаа "Дээрх ашиггүй гэрээнүүдийг нэн даруй яаралтай цуцлах асуудлыг шийдэхгүй бол улс орон алдагдалд ороод байна. Нидерландын татвараас зугтаадаг компаниудын орогнодог газар болчихоод байна. Тэгээд энэ улсаас Монголд хийсэн бодитой хөрөнгө оруулалт бараг байхгүй шахам. Тэгэхээр татвараас зугтаадаг энэ асуудлыг бодоод байх хэрэггүй. Гэрээнүүдийг цуцлах хэрэгтэй” хэмээн үүрэгдсэн байдаг. Гэвч тэр Канадуудад найрсаг ханджээ.

 "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ” буюу Давхар татварын гэрээний заалтууд нь манай эдийн засагт ихээхэн харш байгаа талаар яригдаж ирсэн ч, төдийлөн газар авдаггүй байсан юм. Харин "Айвенхоу Майнз” компани нь өөрийн охин компани болох Канадад бүртгэлтэй Саусгоби Ресурс компанийнхаа 57.6 хувийг БНХАУ-ын Төрийн өмчит "Чайналко” компанийн охин компани Чалкод 898 сая ам.доляараар үнэлэн зарахаар гэрээлсэн тухай мэдээллуүд гарч эхэлсэнээр сая нэг олноороо анхаарах ёстой асуудал юм байна гэдэг нь илүү тодорхой болж байв. Учир нь Айвенхоу майнз болоод Чалко хоёр монголын баялгаар наймаалцсан тод жишээ нь дэлхийн уул уурхайн салбар дахь лиценз шилжүүлэхийн ‘оронд тухайн компанийн хувьцааг худалдан авах замаар орд газрыг эзэмших эрхийг авдаг технологийн дагуу явагдсан байсан. Ингэж наймаалцах нь татвараас зугтаах зорилгыг агуулдаг.

Тэрчлэн манай улсын зүгээс татвар авахгүй байдлаар Давхар татварын гэрээ байгуулсан Канадад байгуулагдсан компанийг худалдан авах маягаар манай нүүрсний томоохон орд газруудыг наймаалцаж байгаа учраас бид эдийн засгийн аюулгүй байдлаа ганхуулахын зэрэгцээ тэдний наймааны дундаас хүртэх учиртай хувиа ч олж авах боломжгүй болно гэсэн үг байв. Цаашлаад манай улс дахь лиценз эзэмшигч компанийг эзэмшигч гадаад дахь компанийг нь худалдан авч байгаа нөгөө талд ч тухайн орд газруудыг дахин цааш дамлан зарах боломж нээлттэй харагдаад байсан. Хэдийгээр канад, хятадуудын хооронд хийгдсэн наймааг Монгол Улсаас эх үүсвэртэй орлого гэж үзэж, татвар ногдуулах боломж бий гэж харж болох ч Канад улстай байгуулсан давхар татварын гэрээ тэр боломжийг үгүй хийх нь ойлгомжтой байсан. Айвенхоу Майнз, Чалко компанийн хооронд явагдаж байсан наймаа нь манай улс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, хувьцаа борлуулсны олзоос татвар авахыг хуульчлах туйлын шаардлагатай байгааг бататгасан үйл явдал байв.Гэхдээ манай улсаас 30 гаруй оронтой байгуулсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Давхар татварын гэрээнд хувьцаа борлуулсны олзоос Монгол Улс татвар авах зохицуулалт тусгагдаагүй. Манай улсаас бусад улстай байгуулсан давхар татварын бүх гэрээнд хувьцаа борлуулсны олзоос Монгол Улс татвар авах зохицуулалт ороогүй байна. Тиймээс Айванхоу Майнз компани Саусгоби сэндс компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг Чалко компанид борлуулсан ажил гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны олзод Монгол Улс дотоодын татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байсан юм.

Уг нь Канад улстай байгуулсан давхар татварын гэрээний 13 дугаар бүлгээр МУ-д байрлалтай үл хөдлөх хөрөнгөтэй шууд буюу шууд бус замаар хамааралтай хувьцааг борлуулсны олзоос Монгол Улс татвар авахаар заасан хэдий ч уг заалтыг хэрэгжүүлэхдээ "үл хөдлөх хөрөнгө” гэдэгт үйл ажиллагаанд ашиглагдаж буй түрээсийн хөрөнгөөс бусад аливаа хөрөнгийг хамаарахгүй байхаар заасан. Тэгэхээр талуудын хооронд хийгдсэн наймаа Монгол Улсаас эх үүсвэртэй орлого мөн байлаа ч, бидэнд наалдах зүйл хуулиараа байхгүй. Яг ийм маягаар, ижил тохиолдлуудад манай улс хэчнээн хэмжээний татварын орлогоо алдсаныг хэлэхэд бэрх юм.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.