Сэрэмжлүүлэг: Дунд Дарь-Эх орчмын айлуудаас хулгай хийсэн этгээдийг илрүүлэн шалгаж байна


Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо "Дунд Дарь-Эх” орчимд оршин суудаг айл өрхүүдээс гар утас, бусад эд зүйл хулгайлсан "О” гэгчийн үйлдлийг илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгаж байна. Гэмт этгээд нь одоогоор 3 айл өрхийн гэрээс эд зүйл хулгайлсан нь тогтоогдож байгаа ба хулгайлах төрлийн гэмт хэрэг нь иргэдийн болгоомжгүй, хайнга, хэнэггүй байдлаас үүдэн гэмт этгээдэд гэмт хэрэг үйлдэх боломж, сэдлийг төрүүлж байна.
Иймд дараах сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүргэж байна. Үүнд:
1.Гэр хороололд оршин суудаг айл өрх гадна хаалгандаа зүүдэг цоож хэрэглэхээс татгалзах /Энэ нь таны гэрийг хүнгүй байгааг гэмт этгээдэд илэрхийлж байгааг анхаарна уу/.
2.Гэр, орон сууцны хаалга, цонх, тагт, цоожны бүрэн бүтэн, найдвартай байдлыг үргэлж нягтлах.
3.Та гэрээсээ удаан хугацаанд явах тохиолдолд алт, мөнгө, үнэт эдлэл зэрэг нэн тэргүүнд хулгайд алдагдаж, борлогдож болзошгүй эд зүйлээ найдвартай, баталгаатай газар хадгалах.
4.Овор ихтэй, эсхүл сэжигтэй эд зүйл авч яваа этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулах.
5.Хөршийн холбоогоо сайжруулж, хулгайчид боломж олгохгүй байх /АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ ШҮҮ ДЭЭ/.
6.Танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг хүүхдэд анхааруулах, тэднийг мэхэлж, итгэл олох замаар таны гэрээс эд зүйл хулгайлж гарч болзошгүй сануулах.
7.Олон нийтийн газар, нийтийн тээвэр, автобусны буудал, зах, худалдааны төв зэрэг хүн олноор цугларсан газарт хулгайч байх өндөр эрсдэлтэйг үргэлж санаж явах, гар утас, мөнгө эд зүйлсээ хувцасны дотор талын халаасанд хадгалж, сонор сэрэмжтэй явах. /Хулгайд алдагдсан эд зүйлийн 93 хувь нь гар утас, таны хөдөлмөрлөж олсон гар утас бусдын өгөөш, орлого олох боломж байх ёсгүй/
8.Техник, технологийн дэвшлийг ашиглаж, гэр, орон сууцаа камержуулах, гэрэлтүүлэгтэй болгох.
Болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.