Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийг УИХ-ын чуулганы өчигдөр /2023.06.22/-ийн хуралдаанаар хэлэлцэв. 

Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаан хянан шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцийн тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн оролцсон байна.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалт тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүснэгтийн 6 дахь заалтад "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн", 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 10 дахь заалтад "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн, 285 000 төгрөг" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэснийг тус тус зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн байна.

Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчөөгүй хэмээн дүгнэлт гаргажээ.

Иймд Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтуудыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нар тус тус танилцуулсан.

Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 20, Төсвийн байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн байна. Байнгын хороодын санал, дүгнэлтэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэнийг дурдаж байлаа.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн олонх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, төрийн хяналтын байгууллагын зүгээс газрын тосны бүтээгдэхүүн дэлхийн болон Монгол Улсын чанарын шаардлага, стандартад нийцсэн талаарх дүгнэлт гаргах шаардлагатай талаар аудитын тайланд нийтМонгол Улсын импортоор авсан шатахууны хэмжээнээс борлуулалт нь давсан байгааг дурдсаныг хуурамч шатахуунтай холбоотой болохыг хөндөж байв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасны дагууОнцгой албан татварын тухай хуулийн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.