Монголын бурхан шашинтны төв гэгдэх Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаарх мэдээлэл цацагдаад буй билээ. Уг мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ. Тодруулбал ЦЕГ-аас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, тус хийдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Үүнтэй холбоотой МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн хурлын үеэр тус хийдийн төлөөллүүд: "Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг буруутай гэж ярьж болохгүй.
Гэтэл олон нийтийн сүлжээгээр уг асуудлыг дэвэргэн, сүм, хийд, шашинг буруутгах нь хэрээс хэтэрлээ.УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдээлэл хийн, сүм хийдэд ийм асуудал өмнө нь гарч байсан юм шиг ярьсанд маш их харамсаж байна. Хэрэв тийм байсан бол С.Одонтуяа өөрөө ч уг асуудлыг нуун дарагдуулсан гэсэн үг шүү дээ. УИХ-ын дэд дарга уг нь цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга. Гэтэл өөрөө хэлмэгдүүлэлтийг үргэлжлүүлж байна.
Лам хуврагууд, хийдийг уг асуудалтай холбогдуулан нийтээр нь гутааж буйд харамсаж байна.
Ярилцлага хийж, тодорхой хүүхдүүдийн нэрийг олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэд халдсан харамсалтай явдал болсон. Түүнчлэн Монголд болон Энэтхэгт сурч байгаа хүүхдүүдийг гутаан доромжилж байгаа асуудал гарч байна" гэв.
Энэ бүхэнтэй холбогдуулан Зава Дамдин хувилгаан гэх лам Осгонбаяр: "Энэ удаа Гандантэгчэнлин хийд дээр гарсан хэрд хийм яриа хуулийн хүрээнд эцэслэн шийдэгдээгүй боловч олон сурвалжлагч нар хүүхэд залуу лам нарыг цочирдуулан, зарим нь дайрч мэгдүүлэх зорилготой мэт, зарим нь бол шууд гутаан доромжлох хэлбэрээр ярилцлага авч байгаа харагдана.
Хөөрхий залуу лам нар уг гарсан ужид ярианд цочирдон айн балмагдаж, ярих үг хэлээ ч сайн олохгүй байгаа нь илт. Энэ нь тэд бүгдээрээ гэм хийсэн гэсэн үг биш залуу насны гэнэн зангаар хариултаа олж ядан айн хэлмэгдэн байгаа нь магад. Бүр гадуур номт дээлтэйгээ явахдаа ч айж ичин, зарим хүмүүст гутаагдан сэтгэлээр унаж буйгаа ярьж, бас бичицгээж байна.
Энэ бол жижиг асуудал ерөөсөө биш, анхаарах ёстой маш эмзэг сэдэв.
Тэгвэл шашны эрх баригч Гандангийн хамба номуун хан, гэгээнтэн, хутагт хувилгаад, гавж, гэвш лам нар яагаад энэ хэдэн залуу лам нараа урдаа бариад хэд хоног юу ч дууграхгүй, асуудлын учгийг хурдан олж, бусад хүүхэд залуу лам нарынхаа эрхийг хамгаалахгүй байгаа юм бэ. Ер нь бол тухайн газрын удирдлага хариуцлагын эзэн болж, тэргүүн шугаманд ажиллах ёстой болохоос хэдэн хүүхэд залуучуудаа бүлтгэнүүлээд "сошиал буллы" буюу нийгмийн гадуурхалд өртүүлж, айлган хэлмэгдүүл гэсэн үг ерөөсөө биш. Бүгдийг нь алж устага, бууд, дүүжил, хаа таарсан газраа чулуугаар цохь, гэх мэт болоод үүнээс ч зэрлэг балмад сэтгэгдлүүд сошиалд хөвөрч байгааг та нар харж байгаа. Өөр бас хүний эрхийг хамгаалдаг байгууллагууд яагаад голдуу мууруу нь тэмүүлж дэврүүлээд бусад олон гэмгүй залуучуудын төлөө дуугарахгүй байгаа юм бэ?" хэмээсэн юм.
Үнэхээр л Монголын шарын шашин 1990 оноос хойш анх удаа гомо секс, хүүхдийн хүчирхийллийн дуулианд холбогдчихоод байхад Монголын бурхны шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хичээнгүй зүтгэлт хамба номун хан, гавж Д.Чойжамц яагаад олны нүднээс нуугдан, тайлбар хийхгүй байна вэ? Эрх тушаал, цол хэргэм бол ямбыг нь эдлэхээс гадна үүрэг хариуцлага үүрэх учиртайг эрхэм хамбатан мэддэг юм болов уу?
Эх сурвалж: sonin.mn
Сэтгэгдэл