Онгоцны ослоос хэдхэн хоногийн өмнө бичигдсэн Пригожиний сүүлчийн видео цацагдав


Онгоцны ослоос хэдхэн хоногийн өмнө бичигдсэн Пригожиний сүүлчийн видео цацагдав 
Өнгөрсөн долоо хоногт Москвагийн орчим онгоцны ослоор амиа алдсан Евгений Пригожиний сүүлчийн видео бичлэгийг өчигдөр Вагнер групптэй холбоотой телеграм суваг Grey Zone дамжуулжээ.
 
30 хүрэхгүй секундийн урттай уг бичлэгт түүний автомашины арын суудалд зорчиж явахдаа ярьсныг үзүүлсэн байна.

"Намайг амьд мэнд байгаа эсэх талаар ярилцаж буй хүмүүст хандаж хэлэхэд яг одоо амралтын өдөр, 2023 оны наймдугаар сарын хоёрдугаар хагаст би Африкт явж байна. Тиймээс намайг устгах тухай, эсвэл миний хувийн амьдрал, миний олдог мөнгөний талаар ярих дуртай хүмүүст хэлэхэд бүх зүйл хэвийн байгаа” гэж Пригожин ярьж байжээ.

Түүний хэлсэн хугацаанаас үзвэл бичлэгийг наймдугаар сарын 19-20-ны орчим үйлдсэн бололтой байна.

Пригожин уг бичлэг дээр дүрслэгдсэн хувцастайгаа өмнө нь Grey Zone сувгаар цацагдсан өөр нэг видео бичлэгт гарч байсан юм.

Пригожин ослоор амь үрэгдсэнийг Оросын мөрдөн байцаах төв байгууллага Ням гарагт зарлаж байв. Маргааш нь түүний шарилыг Санкт Петербург хотын нэг оршуулгын газарт нутаглуулсан юм.

Grey Zone суваг уг бичлэгийг нийтлэхдээ Пригожиний онгоцыг Оросын арми буудаж унагасан гэж тайлбарлажээ.

Гэхдээ Өрнөдийн мэргэжилтнүүд энэ хувилбарыг магадлал багатай гэж үзэж байгаа юм.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.