Орос орон гашуудал зарлав


Оросын иргэний агаарын тээврийн онгоц бямба гарагт Египетэд сүйрч, 217 зорчигч, багийн 7 гишүүн бүгд амь үрэгдлээ. Тэдний дунд 24 хүүхэд байжээ. Хэн ч амь гарч чадсангүй. Синайн хойгт болсон энэ осол нь Орос, Зөвлөлтийн түүхэнд хамгийн том онгоцны осол болжээ.

"Когалымавиа" нисэх компаний 1321 онгоц нь Египетийн Шарм-эш-Шейх хотоос Санкт-Петербург руу буцаж явсан байна. Онгоц агаарт хөөрөөд 30 минутын дараа сүйрчээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 11-р сарын 1-ны өдөр улс орон даяар гашуудал зарлах тушаалд гарын үсэг зурав. Харин Санкт-Петербург хотод гашуудлын үйл ажиллагаа хэд хоног үргэлжилнэ.

Амь үрэгдэгсдийн ихэнх нь Санкт-Петербург хотын оршин суугчид гэнэ. Ослоор амиа алдагсдын дунд Оросоос гадна Украин, Белоруссын иргэд ч байжээ.

"Исламын улс" террорист байгууллага энэхүү аймшигт ослыг өөрийн үйлдсэн алан хядах ажиллагаа гэж мэдэгдсэнийг зарим мэдээллийн байгууллага дамжууллаа. Ямартай ч, "Исламын улс"-ын нэрийн өмнөөс нийгмийн сүлжээ болон "Telegram" мессенжерт мэдэгдэл цацжээ.

Оросууд мөрдлөг явуулж, шинжээчдийн дүгнэлт гарахаас өмнө мэдэгдэл хийх гэж яарахгүй байна, харин Египетийн эрх баригчид энэ онгоцны сүйрлийг техникийн саатлаас болсон гэжээ.

Нэмж өгүүлэхэд, Оросын онгоц нисч явсан нутаг нь Египетийн аюулгүй албаныхны террористуудын эсрэг ажиллагаа явуулдаг бүст хамаардаг аж.



www.mnews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.