Ковид-19 цар тахлын хөл хорионы үеэр аж үйлдвэрлэл, худалдаа удааширч саарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний үнэ буурахад хүргэсэн. Ихэнх улс хөл хориог сулруулж эдийн засгаа сэргээх оролдлого хийхтэй зэрэгцээд ОХУ Украин улсад халдан довтолсноор дэлхийн эрчим хүчний салбарын дэг журам эрс өөрчлөгдөв. Эрчим хүчний анхдагч нөөцийн (нүүрс, газрын тос, байгалийн хий, уран гэх мэт) олборлолт нийлүүлэлтийн гинжин хэлхээ доголдож, гадаад бодлогодоо уг нөөцийн давуу байдлаа чадмаг ашигладаг ОХУ-ын эхлүүлсэн дайн нь уг салбарын бараа бүтээгдэхүүний үнийг өсгөв. Үнийн өсөлт дэлхийн эдийн засгийн бүхий л салбарт нөлөөлсөн бөгөөд уг нөлөөлөл улс орнуудын эрчим хүчний аюулгүй байдлын орчныг эрс өөрчилж, ОХУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүнээс хамааралтай байсан Европын холбоо болон хуучин ЗХУ-ын нөлөөнд байсан орнуудыг эрчим хүчний хамаарлаа бууруулах дорвитой алхмуудыг хийхэд хүргээд байна.
Эрчим хүчний салбар дахь нөлөө
Европын холбооны эдийн засаг нь гишүүн орнуудын хамтарсан эдийн засаг бөгөөд дэлхийд АНУ, Хятадын дараа ордог. 2022 оны байдлаар уг холбооны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 16 орчим их наяд ам.доллароор тооцоологдсон ба дэлхийн эдийн засгийн зургааны нэгийг эзэлж байна. Эдийн засгийн багтаамжаар нь авч үзвэл эрчим хүчний анхдагч нөөцийн ханган нийлүүлэлт, эрэлт, үнэ нь дэлхийн нийт эдийн засагт хүчтэй нөлөөлөх нь ойлгомжтой[1].
2021 оныг хүртэл Европын холбооны байгалийн хий, газрын тос, нүүрсны гол ханган нийлүүлэгч нь ОХУ байв. 2021 онд Европын холбоо нийт нүүрсний хэрэглээнийхээ 45 хувь, байгалийн хийн 36 хувь, газрын тосны 25 хувийг ОХУ-аас импортоор авч байлаа.
Дайн эхэлснээс хойш эрчим хүчний үнэ Европ төдийгүй дэлхий даяар өсөв. Дайн эхлэхээс өмнө 1 мегаватт цаг (МВт цаг) байгалийн хий 53 ам.доллар байсан бол 2021 оны сүүлчээр 360 орчим ам.доллар болж түүхэн дээд амжилт тогтоосон юм. Газрын тосны үнэ 2022 оны эхний хагаст 123 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамдаа 400 ам.доллар давсан[2]. Эрчим хүчний бараа материалын үнийн өсөлт нь хөгжингүй орнуудад нөлөөлсөн ч эдийн засгийн чадавх нөөцөөрөө хямралыг даван туулж шинэ хэвийн байдалд шилжиж чадсан бол хөгжиж буй олон оронд инфляцыг өсгөж үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулж байна. Эрчим хүчийг эдийн засаг, улс төрийн зэвсэг болгон ашиглах гэсэн ОХУ-ын оролдлогын хариуд Европын холбоо хориг арга хэмжээ удаа дараа авахын зэрэгцээ ЕХ-ны эрчим хүчний аюулгүй байдлын үзэл баримтлал, замын зураглалаа өөрчлөв.
Уг замын зураглалд хэт нэг орноос хамаарах анхдагч нөөцийн хамаарлаа багасгах, тархмал сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг хурдасгах, ЕХ-ны нэгдсэн цахилгаан эрчим хүчний сүлжээний холболтыг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх зэрэг олон арга хэмжээг төлөвлөж байна. Хориг арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлснээр 2023 оны эхний хагасын байдлаар ОХУ-аас импортоор авдаг газрын тосны хэмжээ 26-аас 3.2 хувь, байгалийн хийн хэмжээ 36-аас 17 хувь болтлоо эрс буураад байна[3].
Дайн эхэлсэн 2022 оны 2 дугаар сарын 24-ны өдрөөс хойш эрчим хүчний үнэ өссөнөөр айл өрхийн өдөр тутмын хэрэглээнд нэмэлт дарамт учруулсаар байна. 116 орны цахилгааны үнийн мэдээлэлд хийсэн судалгааны дүгнэлтээр айл өрхийн эрчим хүчний шууд зардал 51-176 хувь хүртэл эрс өссөн байна. Төв Азийн орнуудын өрхийн зардал хамгийн их (70.3%), ялангуяа Монгол, Тажикистанд тус бүр 176.1% өссөн нь хамгийн өндөр зардал болж байна. Харин Латин Америкийн өрхүүдэд хамгийн бага (51.5%) нөлөө үзүүлсэн. Эрчим хүчний зардлын нийт (шууд болон шууд бус) өөрчлөлтийг авч үзвэл Төв Азийн өрхүүд хамгийн их (80.7%), Өмнөд болон Зүүн өмнөд Азийн орнууд (74.5%) өртсөн хэвээр байна. ОХУ-ын айл өрхийн эрчим хүчний нийт зардлын өсөлт (71.6%) дэлхийн дунджаас (73.9%) арай доогуур байна (Зураг 1)[4]. ОХУ Украины дайн дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой эрчим хүч, бараа материал, түүхий эдийн ханган нийлүүлэлтийн доголдол үүсгэж цар тахлын дараах сэргэлтэд сөрөг хүчин зүйл болсоор байна.
Зураг 1. Дэлхийн 116 улсын эрчим хүчний үнийн өсөлт. Эх сурвалж: Guan and Yan et al (2023), Nature Energy
Цахилгаан эрчим хүч геополитикийн хэрэгсэл болов
Одоо өрнөж буй эрчим хүчний хямрал нь уг салбарын зах зээлийн тогтоц, ханган нийлүүлэлтийн болон дэд бүтцийн эмзэг байдлыг тод харуулж байна. Эрчим хүчний анхдагч нөөцийн хувиргалтаас бий болсон цахилгаан эрчим хүч нь геополитикийн сэдэв, хэрэглэгдэхүүн болж ирэв. Аж үйлдвэрлэл, нийгмийн хөгжилд шаардлагатай төвлөрсөн цахилгаан дамжуулах болон дулааны сүлжээ нь цэргийн ажиллагааны, гадаад харилцааны, кибер халдлагын гол бай болж байна. 2014 онд ОХУ Крымыг эзлэж авахдаа зэрэгцээд Украины эрчим хүчний системд кибер халдлага үйлдэж, нийгмийн эмх замбараагүй байдлыг дэвэргэж байв[5]. Уг кибер халдлагууд цахилгаан, дулааны хэрэглээ ихтэй өвлийн улиралд томоохон хотуудад болсон ба дайны үед дижитал фронтын энэ шинэ хэрэгсэл нь тулалдааны талбар дахь үйл явдлыг өөрчилж чадна гэсэн нотолгоо хараахан бүрдээгүй[6] хэдий ч 2022 оны намраас эхлэн Украины зургаан мужийн цахилгаан эрчим хүчний дэд бүтцүүдэд өгч буй ОХУ-ын агаарын довтолгоонууд нь тус улсын аж үйлдвэрлэл болон нийгмийн амьдралд хангалттай түгшүүрийн байдал үүсгэсэн[7].
Барууны орнууд Украины томоохон хотуудад жижиг оврын цахилгаан үүсгүүр, довтолгоонд өртсөн эрчим хүчний байгууламжуудад тоног төхөөрөмж хандивлаж дэд бүтцээ сэргээхэд нь туслаж байв[8].
Финлянд улс 2022 оны 4 дүгээр сард НАТО-д элсэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэний дараа ОХУ-ын Интер РАО компани тус улсад нийлүүлж байсан цахилгаанаа зогсоов[9], [10]. Финлянд нь цахилгааны хэрэглээнийхээ 20 орчим хувийг ОХУ-аас импортоор хангадаг байсан бөгөөд уг дутагдлыг өөрийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх мөн Швед улсаас худалдан авах байдлаар нөхсөн. Мөн тус улс удаан хугацаанд хойшлогдоод байсан цөмийн цахилгаан станцаа 2023 онд ашиглалтад оруулснаар ОХУ-аас нийлүүлж буй газрын тос, байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний хамаарлаа багасгаж эрчим хүчний аюулгүй байдлаа дээшлүүлэв[11].
Молдав улс 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Кучурганий цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч авч чадахгүй болсоны улмаас улсын 90 орчим хувь эрчим хүчгүй болсон. Уг цахилгаан станц нь ОХУ-ын нөлөөллийн бүс гэгдэх Транснистрийн бүсэд байдаг Молдавийн ганц том станц юм. Молдав дутагдсан цахилгааны хэрэглээгээ одоогийн байдлаар хөрш Румын улсаас хангасаар байна[12].
Эстони, Латви, Литви улс буюу Балтын орнууд 2023 оны 4 дүгээр сард анх удаа ОХУ-ын цахилгаан эрчим хүчний системээс тусдаа 10 гаран цаг ажиллаж өөрийн системийг баруун Европын системтэй зэрэгцээ ажиллах туршилт амжилттай хийсэн нь эрчим хүчний системийн аюулгүй байдлаа хангах алхамд шилжсэнийг тод харуулж байна[13].
Эдгээр үйл явдлууд болоод өрнөл нь цахилгаан эрчим хүчний салбар геополитикийн хэрэгсэл болсныг харуулж байгаа бөгөөд дан ганц эрчим хүчний анхдагч нөөцөөр хязгаарлагдахгүй болсныг харуулж байна. Ялангуяа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд цахилгаан эрчим хүчний салбарт уг нөлөөлөлд өртөх магадлал өндөр байна.
Эрчим хүчний шилжилтийг хурдасгав
Украины дайны нөлөөгөөр улс орнууд дотооддоо тархмал, бие даасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нь эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, үнэ тогтворжуулах арга хэрэгсэл мөн болохыг ихээхэн анзаарч харсан байна. Дайн эхэлсний дараа Олон улсын эрчим хүчний агентлагийн гаргасан таамгаар ирэх 5 жилд дэлхий дахинд 2400 ГВт орчим нар, салхины эх үүсвэр баригдах төлөвтэй байгаа аж. Энэ нь дайн эхлэхээс өмнөх урьдчилсан таамаглалаас 30 орчим хувиар их байгаа ба 2027 он гэхэд дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлийн 38 хувийг шинэ, сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэх хандлагатай байна[14].
ОХУ-аас нийлүүлдэг нүүрс, газрын тос, байгалийн хийнээс хамаарах хамаарлаа багасгаж өөр төрлийн эрчим хүчний эх үүсвэрээр улс орныхоо хэрэглээгээ хангаж эрчим хүчний шилжилт хийх нь энэ тэргүүний зорилт болоод байна. 2022 онд Европын холбооны улсууд түүхэндээ байгаагүй хэмжээгээр нар, салхины эх үүсвэр ашигласан мөн уг салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ эрс өссөөр байна[15].
2023 оны эхний хагаст уг салбарт оруулж буй хөрөнгө оруулалт 358 тэрбум ам.долларт хүрч эрчим хүчний шилжилтийг хурдасгав[16]. Уг хөрөнгө оруулалтыг дагаад эрчим хүч хадгалах, нөөцлөх мөн устөрөгч гэх мэт шинэ эрчим хүчний төрлүүд түлхүү хөгжих хандлагатай болж байна. Эрчим хүчний шилжилт эрчимтэй явагдах нөхцөл бүрдэж байгаатай зэрэгцээд газрын ховор элементийг ашиглах, нөөцийг эзэмших шинэ төрлийн уралдаан ширүүсэв. 2050 он хүртэл эрчим хүчний шилжилтэд 6.5 тэрбум тонн төмөр, зэс, хөнгөн цагаан болон лити, кобальт, бал чулуу зэрэг газрын ховор элемент шаардлагатай[17]. Мөн цөмийн эрчим хүчийг улс орнууд ногоон эрчим хүчний ангилалд оруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болсон ба шаардлагатай түүхий эдийн нөөц арвинтай бүс нутгуудад гадаад харилцааны сонирхолтой үйл явдлууд өрнөх болов. Ялангуяа улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 70 орчим хувийг цөмийн эрчим хүч эзэлдэг Франц улсын түүхий эд нийлүүлэгч Африкийн орнуудад ээлж дараалан төрийн эргэлт гарч улмаар ураны нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдэж байна.
Дүгнэлт
Болж буй үйл явдлууд нь улс орнуудыг эрчим хүчний аюулгүй байдлын бодлого, төлөвлөлтөө эргэн харахад хүргэв. Аливаа улс өөр нэг орны эрчим хүчний хангамжаас хэт хамааралтай эдийн засагтай байж болохгүйг Европын холбооны улсууд ойлгож эрчим хүчний аюулгүй байдлын номлолоо өөрчлөв. Украины дулааны цахилгаан станцууд, цахилгаан дулаан дамжуулах дэд төвүүд нь ОХУ-ын агаарын дайралтад өртөж улсын эрчим хүчний системийг доголдуулж байгаа нь том чадлын обьектууд аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй болох нь харагдаж байна. Үүний оронд улс орнууд тархмал бие даасан шинэ, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлж эрчим хүчний системийнхээ аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах төлөвлөлт боловсруулж байна.
Мөн ОХУ-ын улс төрийн дарамт шахалт ганцхан анхдагч нөөц болох газрын тос, байгалийн хий, нүүрсээр зогсохгүй эдгээрийн хувиргалтаар бий болсон цахилгаан эрчим хүчээр ч хэрэгжих болов. Уг дарамт шахалтад өртсөн Финлянд, Молдав, Украин, Эстони, Латви, Литви улсуудын цахилгаан эрчим хүчний системүүд нь аюулгүй байдлын нөөц гарцтай өөрөөр хэлбэл хөрш зэргэлдээ өөр улсаас цаг алдалгүй цахилгаан эрчим хүч импортоор авах боломжтой болоод байна.
Манай улс цахилгаан, дулааны үйлдвэрлэлийнхээ ихэнх хувийг ганцхан (ДЦС-4) обьектод үйлдвэрлэдэг, нийт улсын хэрэглээний 80 орчим хувийг хэрэглэдэг Төвийн бүсийн эрчим хүчний систем нь ганцхан ОХУ-тай холбогддог гэх мэт аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй нөхцөл байдалд байсаар байгаа. Иймд цахилгаан эрчим хүчний бие даасан байдлыг шийдвэрлэх, нар, салхи зэрэг цэвэр эрчим хүч рүү шилжих, төвлөрсөн бус тархмал эрчим хүчний эх үүсвэрийг шийдэх нь чухал байгаа юм.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл